О.Хангай, Ц.Бямба-Отгон тэргүүтэй бөхчүүд хоёр ойд зэрэг барилдав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 09

Монгол бөхийн түүхэнд хоёр ойд зэрэг барилдах байтугай нэг наадмын нэг даваанд хоёр бөхтэй ээлжлэн барилдаж байсан тухай домог хууч яриа бий. Хэдийгээр албан ёсоор баталгаажуулаагүй ч гэсэн энэхүү домгийн орчин цагийн өөр нэгэн хувилбарыг улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлий нарын зэрэг бөхчүүд толилуулж байна.

 

 

Өчигдөр эхэлсэн “Их хурд 10” наадмын хүчит 256 бөхийн толгойд дээрх таван бөх яг дарааллаараа боссон. Тэгвэл өнөөдөр “Их хурд 10”-ын бөхийн барилдаан өнжиж буй тул энэ боломжийг ашиглан Баянзүрх дүүргийн 60 жилийн ойн барилдаанд дээрх таван бөх мөн магнайлан барилдаж байна. Өнөөдөр Баянзүрхийн ой дуусна. Маргааш харин “Их хурд 10”-ын ой үргэлжлэх юм.

Ийнхүү хоёр ойд зэрэг барилдаж бөхчүүдээс хоёуланд нь зэрэг түрүүлчих ч боломж бий. Үүгээрээ энэ хоёр барилдаан онцгой сонирхол татаж байна. Гэхдээ О.Хангай аварга Баянзүрх дүүргийн ойн барилдааны дөрвийн даваанд аймгийн начин Б.Гончигсүрэнд унасан бол улсын арслан Ц.Бямба-Отгон мөн даваанд аймгийн арслан Д.Алтанцоожид өвдөг шороодлоо.

 

 

Ойрмогхоны жишээгээр бол 1998 оны 12 дугаар сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөний нээлтэд зориулсан барилдаан, “Монросцветмет”-ийн ойн барилдаантай нэг өдөр нэг газар болж байлаа. Бөхийн өргөөний нээлтийн эхний давааг дуусгаад, “Монросцветмет”-ийн ойн барилдаан шууд Бөхийн өргөөнд эхэлж байсан. Маргааш нь Бөхийн өргөөний нээлтийн барилдаан үргэлжилж, түрүү үзүүр бөхөө тодруулсан түүхтэй.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.91.57) 2025 оны 08 сарын 12

Угаадсыг нь ахиухан өгвөл наадуул чинь нэг биш нилээн хэдэн ойн барилдаанд ч зэрэг барилдах байлгүй, шунал нь хаачих вэ дээ

1  |  2
Top