Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн хувьд түлш нийлүүлэлт, борлуулалтад шинэлэг хэлбэрийг ашиглах, нийслэлийн хувьд хороодын хэсгийн ахлагч нартай хамтран ажиллах, энэ жилээс түлш хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэх, түлш борлуулах картыг ашиглан түгээлтийг оновчтой болгох, борлуулагч нар ашиг олохын сацуу түлш хадгалах агуулахтай болгоход болохгүй зүйлгүй гэсэн саналыг дэвшүүлсэн юм.
Салбарын сайд цааш нь хэлэхдээ “Үйлдвэрлэлийг түргэсгэхийн тулд “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийг ашиглалтад оруулж, бүрэн ажиллуулж эхлэх үүрэг даалгаврыг өгсөн. Зүүн үйлдвэр нь жилд 900 мянгаас нэг сая 200 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Улаанбаатар хот жилдээ 600 гаруй мянган тонн түлш хэрэглэдэг. Тиймээс цаашид зөвхөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг ярих бус Дархан, Эрдэнэт, бусад галт тэргээр холбогдож буй бүхий л хот сууринд шахмал түлш нийлүүлэх, аймгуудын төвүүдийг агаарын бохирдлоос салгах асуудлыг хөндөн тавих цаг болсон” гэлээ.
“Өнөөдрийн байдлаар манай баруун бүсийн үйлдвэрийн таван шугам ажиллаж, 60 мянган тонн түлш нөөцлөөд байна. Аравдугаар сарын 1 гэхэд 200 мянган тонныг нөөцөлсөн байх ёстой. Бид наймдугаар сарын 1-ээс зүүн бүсийн үйлдвэртээ дөрвөн шугам ажиллуулж, нөөц бүрдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үйлдвэрийн бүсийн агуулахад 6000 тонн түлш нөөцлөөд байна” гэж “Таван толгой түлш” ХХК-ийн ерөнхий инженер Ц.Алтансүх хэлж байлаа.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )