95 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөллөө

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 07

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XV хуралдаан хуралдаж байна. Хурлын эхэнд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцууллаа. Нийслэлийн зүгээс сайжруулсан шахмал түлшний нөөц, агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэгийн асуудлыг хариуцан ажилладаг.

 

95 МЯНГАН ТОНН САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ НӨӨЦӨЛЛӨӨ

 

 

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчийн баталсан 2022 оны долоодугаар сарын 1-ний өдрийн удирдамжийн дагуу “Сайжруулсан шахмал түлш нөөцлөх, агуулах, сонгон шалгаруулах Ажлын хэсэг” байгуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар 95 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлсөн.

Тодруулбал, Баянзүрх дүүрэгт есөн агуулахад 13 мянган тонн, Сонгинохайрхан дүүрэгт 11 агуулахад 26 мянган тонн, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт тус бүр дөрвөн агуулахад 11 мянган тонн, Баянгол дүүрэгт дөрвөн агуулахад долоон мянган тонн, Хан-Уул дүүрэгт зургаан агуулахад 13 мянган тонн, Налайх дүүрэгт дөрвөн агуулахад 4165 тонн, “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрт 7436 тонн түлш нөөцлөөд байна” хэмээв. Тэрбээр үргэлжлүүлэн сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтийн чиглэлээр хийж буй ажлуудаа танилцуулав.

Уг ажлын хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 6-ныг хүртэл 31 тээврийн компанитай гэрээ байгуулжээ. Тус 31 тээврийн компаниар 392100 тонн сайжруулсан шахмал түлшийг тээвэрлэсэн байна. 2020 онд 22 тээврийн компани, 2021 онд 35 тээврийн компанийг сонгон шалгаруулсан бол энэ онд 31 тээврийн компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгууллаа.

Харин 2022-2023 оны халаалтын улиралд нийслэлийн агаарын чанарын бүсэд сайжруулсан түлшний 650 цэгийг сонгон шалгаруулахаар төлөвлөсөн байна. Борлуулалтын цэгийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд сайжруулсан түлш борлуулах хүсэлтээ ирүүлсэн 650 цэгээр нэг бүрчлэн орж, газар дээр нь ажиллажээ. Ийнхүү 2022 оны есдүгээр сарын 15-аас эхлэн шаардлага хангасан борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл хангаад байна.

Цар тахлын үед сайжруулсан шахмал түлшийг 50-75 хувь хүртэл хөнгөлөлттэй үнээр борлуулж байсан. Нэг шуудай түлшний үнэ өртөг 3875 төгрөг байдаг. Энэ үнийг энэ жил хямдруулах эсэх шийдвэрийг Засгийн газар гаргах юм.

Гэр хорооллын өндөрлөг байршлуудад борлуулалтын цэг ажиллуулах бөгөөд энэ жилдээ 650 цэг хүрэлцээтэй гэсэн судалгааг холбогдох байгууллагууд гаргажээ. Шаардлагатай тохиолдолд борлуулалтын цэгийг нэмэгдүүлэх боломжтойг албаныхан онцолж байв.

Энэ жилээс агаарын чанарын бүсэд Налайх дүүрэг орж байгаа бөгөөд сайжруулсан шахмал түлшийг анх удаа хэрэглэж эхлэх юм. Налайх дүүргийн нийт хүн амын 70 хувь буюу 7691 өрх гэр хороололд амьдардаг байна. БОАЖЯ-нд нээлттэй тендер зарлан тус 7691 өрхөд угаарын хий мэдрэгч тараах бэлтгэл ажлыг хангаж байгааг Хотын орлогч дарга мэдээллээ.

 

24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ ШУУРХАЙ ШТАБ БАЙГУУЛЖЭЭ

 

НЗДТГ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, “Таван толгой түлш” ХХК зэрэг байгууллагууд дүүрэг, хороодтойгоо хамтран, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг жил бүр зохион байгуулдаг. Энэ хүрээнд холбогдох байгууллагуудын төлөөллүүдийг хамруулан,  24 цагийн ажиллагаатай Шуурхай штабыг байгуулжээ. Ингэснээр айл өрхүүдэд угаарын хий мэдрэгдсэн тохиолдолд Шуурхай штабын бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах аж. Мөн угаарын хийн хордлогын дуудлага мэдээллийг бүртгэж, угаарын хийд хордсон иргэнд анхны тусламж үзүүлэх талаар зөвлөмж, мэдээллийг тогтмол өгч байна.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Нийслэлчүүд сайжруулсан шахмал түлшийг хэрэглээд дадсан, иргэд мэдлэг, мэдээлэлтэй  байгаа. Гэвч Улаанбаатар хотод шилжин ирж байгаа иргэдэд мэдээлэл хүргэж, угаарын хийн мэдрэгчийг суурилуулах, зөв ашиглах зааврыг өгөх нь нэн түрүүний ажил болоод байна. Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, хадгалалт, чанар, айл өрхийн зуухны бүрэн бүтэн байдал, битүүмжийг шалгах, зөв галлагааны зөвлөмж, зааварчилгааг өгөх чиглэлээр дүүрэг, хороодтойгоо хамтран ажиллаж байна” хэмээсэн юм.

 

ИМПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ БАГАСГАЖ, ХУВИЙН ХЭВШЛИЙН КОМПАНИУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ЁСТОЙ

 

Танилцуулгын дараа НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, санал тавив. НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл “Цаашид сайжруулсан шахмал түлштэй холбоотой ажлыг төр хийх биш, хувийн хэвшлээр хийлгэж болох уу. Ер нь түлшний үйлдвэрлэлд хувийн хэвшлийг оруулах талаар судалгаа хийж байгаа юу. Хувийн хэвшлийг дэмжсэнээр эдийн засгийн сэргэлтэд  ч сайнаар нөлөөлнө гэж бодож байна. Одоо нийслэл Улаанбаатар хот шахмал түлш тойрсон аж ахуйн ажлаасаа салах цаг болсон” гэсэн санал хэлсэн юм.

Үүний хариуд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Уг ажилд хувийн хэвшил орох боломж нээлттэй байгаа. Гэхдээ санхүүгийн тал дээр эрсдэл гарах магадлалтай. Төрөөс байгуулсан ийм том хэмжээний үйлдвэртэй хувийн хэвшлүүд өрсөлдөж чадах эсэх нь эргэлзээтэй. Мөн одоо борлуулж буй нэг тонн түлшний үнийг хувийн хэвшил 2-3 дахин нэмж иргэдэд борлуулбал яах вэ. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг байгуулснаар иргэдэд хөнгөлөлттэй, хямд үнээр түлш нийлүүлж байгаа. Харин “Таван толгой түлш” ХХК барьцалдуулагч үйлдвэрлэдэг хувийн компаниудтай хамтран ажилладаг. Тиймээс түлшний найрлагад ордог зарим бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэж харж байгаа. Импортоор оруулж ирдэг бүтээгдэхүүнээ багасгаж, аль болох дотоодын компаниудтайгаа хамтран ажиллах ёстой” гэсэн хариулт өглөө.

 

УТАА ИХ, БАГА БАЙХ НЬ ТЭЭВЭРЛЭЛТ, БОРЛУУЛАЛТ, АГУУЛАХААС ШАЛТГААЛАХ УУ?

 

НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул “Сайжруулсан шахмал түлшний нөөц, агуулах борлуулалтын цэг, тээвэрлэлтийн асуудлыг нийслэл хариуцаж ажилладаг юм байна. Бид 2021 оны утааны асуудлыг мартаж болохгүй. Өнгөрсөн жил утаа өмнөх жилүүдээс их байсан. Түүнээс болж хариуцлагын асуудал яригдсан. Гэтэл утаа их байгаа нь нийслэлийн хариуцаж буй тээвэрлэлт, борлуулалт, агуулахын асуудалтай хэрхэн уялдаж байгаа юм бэ. “Таван толгой түлш” ХХК-аас сайжруулсан шахмал түлшний найрлага, боловсруулах технологийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг байх хэрэгтэй” хэмээсэн юм.

Сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдолд эерэг үр дүн үзүүлж байгаа. Гэхдээ автомашинаас ялгарч буй хорт хий их байгаа тохиолдолд түлшний үр дүн харагдахгүй гэдгийг төлөөлөгчид дурдаж байв. Агаарын бохирдолд эзлэх тээврийн хэрэгслийн хорт утааны хэмжээ өнгөрсөн онд 20 хувьтай байсан бол энэ жил 26 хувьд хүрээд байгаа юм. Үүнээс гадна агаарын бохирдолд нөлөөлөх хүчин зүйл олон бий. Тухайлбал, түүхий нүүрсээр ажилладаг зуух Улаанбаатар хотод цөөнгүй бий. Өнөөдрийн байдлаар нийслэлд дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 20 аж ахуй нэгжийн 182 зуух, технологийн уур үйлдвэрлэх 68  аж ахуй нэгжийн 88 уурын зуух галлаж  байна. Эдгээр зуухнуудыг үе шаттайгаар буулгах, агаарын бохирдолд нөлөөлөх бусад асуудлуудад онцгойлон анхаарах шаардлагатайг НИТХ-ын төлөөлөгч нар санууллаа.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top