УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийг 2022.09.26-нд Төрийн ордонд зохион байгууллаа.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан нарын ярьсан зүйл олны анхаарлыг онцгой татаад байна. Тэд хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөгийг зорилтот бүлэгт олгох тухай асуудлыг хөндсөн юм.
Тодруулбал, энэ тухай Сангийн сайд Б.Жавхлан "Өнгөрсөн гурван жил үргэлжилсэн ковид-19 цар тахлын сөрөг нөлөө ирэх жилүүдээс арилж байгаа ч инфлецын дарамт, хямралт нөхцөл байдал зэрэгтэй уялдуулж халамжийг зөвхөн нэн шаардлагатай зорилтод бүлэгт хуваарилах сорилт Засгийн газрын өмнө тулгарч байна. Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг нийт өрхөөс тодорхой шалгууруудад үндэслэж, зорилтот бүлэгт чиглүүлнэ. Өөрөөр хэлбэл, өндөр орлоготой хэсэг нь хүүхдийн мөнгөнөөс татгалзах өөрчлөлтийг 2023 оны төсвийн төсөлд тусган хэрэгжүүлэхээр төлөвлөсөн" гэх мэдээллийг өглөө.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ "Удахгүй намрын чуулганыг нээнэ. Чуулганаар төсөв хэлэлцэнэ, хуулиа батална. Ингэхдээ цар тахлыг даван туулах замаар хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн шийдвэрээ эргэн харна. Хүүхдийн тоо өсөж байгаа. Нийт дүнгээрээ 1.5 их наяд төгрөгийг хүүхдэд олгож байна. Судалгаагаар хүүхдийн мөнгө авмааргүй байна гэх иргэд болон бизнес эрхлэгчид, судлаачдын тоо өдрөөс өдөрт өсөж байгаа. Тиймээс хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй болж байна" хэмээн тодотгосон юм.
Хүүхдийн мөнгөний эрх зүйн үндэс хэрхэн тогтсон талаар эргэж харвал нэлээн сонирхолтой түүх баримт бидэнд байдаг. 2005 онд дэлхий дахинд зэсийн үнэ өссөнтэй холбоотойгоор татварын орлого нэмэгдэж, улсын төсөв тодорхой хэмжээний өсөлттэй байсан. Үүнтэй уялдан нийгмийн хамгааллын бодлогоо бэхжүүлэх, илүү өргөн хүрээтэй болгох гэсэн эрэлт, хэрэгцээ, шаардлагын дагуу хүүхдүүдэд мөнгөн тэтгэмж өгөх хөтөлбөрийг санаачилж гаргаж ирсэн байдаг.
Мэдээж энэ бол Монгол Улсын анхны хүүхдэд зориулсан, хүүхдийн нэр дээр мөнгөн хуримтлал, данстай болгох боломжийг нээсэн түүхэн ач холбогдолтой шийдвэр байсан. Тийм ч учраас олон улсын байгууллагуудаас сайшааж, дэмжсэн байдаг. Ингээд 2005 оны нэгдүгээр сараас эхлэн гурван мянган төгрөгийг хүүхэд бүрд олгох шийдвэр хэрэгжиж эхэлсэн. Нийтдээ 350 мянган хүүхэд үүнд хамрагдаж байсан тухай эх сурвалжуудад тэмдэглэгдсэн байдаг. Тухайн үедээ энэхүү мөнгөн тэтгэмжийг ядуу гэж тодорхойлогдсон, амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой болон гурав буюу түүнээс дээш хүүхэдтэй айлын хүүхдүүдэд олгодог байсан. Энэ нь халамжийн асуудлыг тусгасан, ядуу гэх тодотголд хамрагдах, амьжиргааны түвшин тааруухан айлын хүүхдүүдийг амьдралын баталгаатай болгох, амьжиргаанд нэмэр болгох зорилготой байсан юм. Үүний дараагаар буюу 2006 оны долоодугаар сарын 1-нээс хөтөлбөр илүү өргөн хүрээтэй болж хамрагдах хүүхдүүдийн тоог 650 мянгад хүргэн нэмэгдүүлсэн байдаг.
Харин 2007 оны долоодугаар сарын нэгнээс хүүхдийн мөнгөн тэтгэмж 25 мянгад хүрсэн. Тухайн үед энэхүү тэтгэмжид 932 мянган хүүхэд хамрагдаж байсан бол 2012 оны аравдугаар сараас эхлээд сар болгон тэтгэмж олгогдох хүүхдийн тоог 20 мянга болгоод, нийтдээ 967 мянга гаруй хүүхэд хамрагдаж байсан. Тэгвэл өнгөрсөн оны байдлаар 1.2 сая хүүхэд 121.5 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа статистик тоо баримт байдаг.
Энэ бүхнээс харахад хүүхдийн мөнгө нь эхэндээ зорилтот бүлэг рүү чиглэсэн, ядуурлыг бууруулахад анхаарч, өрхийн орлогоос хамаарч хүүхдүүдэд олгох зорилготойгоор бий болж байжээ.
Ингэж хүүхдийн мөнгийг амьжиргааны түвшинтэй нь уялдуулж өгөх нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “Ялгаварлан гадуурхахгүй байх”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4.1.1 “Хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх” гэсэн хуулийн зохицуулалт, Үндсэн хуулийн хүний эрхийн суурь зарчимтай зөрчилдөж байсан учир “Бүх хүүхэд тэгш хамрагдах ёстой” гэсэн үндэслэлээр журамд өөрчлөлт орсон. Тиймдээ ч баян, ядуу хамаагүй бүх хүүхдэд төрөөс тэгш халамжийн бодлого хэрэгжүүлж байсан ч эдийн засаг амаргүй байгаа энэ цаг үед дээрх асуудлыг эргэн харах шаардлага тулгарч байгааг албаныхан онцолж байгаа юм.
С.ӨЛЗИЙ
Сэтгэгдэл ( 0 )