Б.Батжаргал: Зөвхөн улсаас биш ХУВИЙН ТЭТГЭВЭР авах боломж бүрдлээ

2022 оны 09 сарын 27

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргал өнөөдөр /2022.09.27/ Тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.


Тэрээр “Тэтгэврийн шинэчлэл олон жил яригдаж байгаа асуудал. Ялангуяа залуу даатгуулагчдын хувьд маш хүлээлттэй байгаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын зүгээс хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог оруулж ирэх зорилгыг биелүүлж, хуулийн төслийг бичиж дуусгасан. Энэ тогтолцоо хэрэгжиж эхэлснээр одоогийн дунд эргэм насны даатгуулагчид зөвхөн улсын тэтгэврийн сангаас тэтгэвэр авдаг биш нэмэлт хувийн тэтгэвэр авдаг тогтолцоог Монгол Улсад бий болгох үндсэн алхам бүрэн хийгдлээ.

Өнгөрсөн 7 хоногт Нийгмийн бодлогын байнгын хороон дээр хувийн тэтгэврийн сангууд болон хувийн хэвшлийн төлөөлөлтэй гурван талт уулзалт хийж, мэдээлэл, саналуудаа нэтгэсэн. Үр дүнд нь одоогийн залуу даатгуулагчид зөвхөн нэг төрлийн тэтгэвэр авдаг биш доод тал нь хоёр төрлийн тэтгэвэр авах боломж тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд бүрдэж байна.

Хоёр дахь асуудал нь, залуусын миний мөнгө өөрийн дансанд хуримтлагдах боломж бүрдэх ёстой юм биш үү гэсэн хүсэлт, хүлээлтийг тавьж байгаа.

Энэ зорилтыг биелүүлэхийн тулд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газраас Нийгмийн даатгалын багц хуулиндаа энэ асуудлыг тусгаад эхний алхмыг нь хийх үндсэн ажлуудыг хийж дуусгасан. Энэ нь өнөөдөр хийгээд маргааш шууд хэрэгжих ажил биш. Олон улсад үе шаттайгаар хэрэгжсэн байна билээ. Үндсэн алхмуудаа хийсэн нь нэлээд том ажлын эхлэл боллоо гэж бодож байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top