Фото: Чукча нар талийгаачаа хэрхэн оршуулдаг вэ?

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 03

Камчаткийн зүүн хойд хэсэгт амьдардаг чукча нар Алс Дорнодын уугуул ард түмэн бөгөөд өвөг дээдсийнхээ уламжлалыг тэр чигээр нь хадгалан үлдсэн цорын ганц ястан юм. Чукча нар нас барагсдаа эртний маягаар энэ дэлхийгээс үдэн мордуулдаг.

Талийгаачийг хэрхэн оршуулахыг тосгоны ахлагч, ахмад настан шийддэг.

Нас барагчид зориулан цаа бугын арьсаар хүрэм оёх бөгөөд хүрэмтэй нь шатаадаг. Талийгаачийн хувийн өмчийн цаа бугыг гаргах ёстой. Хэрэв өөр хүний цааны арьсаар хүрэм оёвол шатаах үед хэдэн хэсэг болон бутардаг гэж ярьдаг. Энэ нь түүнийг дээд ертөнцөд хүлээн аваагүйг илтгэдэг.

Салах ёслолыг гэрт нь хийх бөгөөд хүмүүс цогцсыг цагийн зүүний дагуу тойрон, баавгай мэт архиран явах ёстой. Шарилын хөл дээгүүр харайж, нөгөө ертөнц рүү хөөж буй мэт гурван удаа өшиглөнө. Толгойных нь дэргэд хатаасан махтай аяга тавьсан байх бөгөөд ёслолын төгсгөлд махаа иднэ. Энэ нь талийгаач тэнгэрт гарахдаа өлсгөлөн байж болохгүй гэдэгтэй холбоотой.

Талийгаачийг хамаатан садан нь хувцаслана. Ингэхдээ хамгаалалтын өвсөөр гараа ороож, амандаа хөвд хийсэн байдаг. Талийгаачид бээлий, гутал өмсгөж, нүүрийг нь юүдэнгээр хаана. Бүсэнд нь хутга, зүү, гал гаргах хэрэгсэл, хоол хүнс, аяга, сам зэрэг аян замд явахад хэрэгтэй зүйлийг бэхэлнэ. Эрчүүдэд жад, эмэгтэй хүмүүст ээмэг зүүлгэдэг байна.

Шарил шатаах ёслолыг Шаманка хэмээх ууланд үйлдэх бөгөөд айл болгон шатаах өөрийн гэсэн газартай.

Түүдэг асаах түлээг зөвхөн эрчүүд түүнэ. Жаахан хөвгүүнээс эхлээд бүх эрчүүд оролцох ёстой.

Түлээн дээрээ мөчир тавьж, түүдэг асаахад бэлтгэнэ.

Хамгийн дээд талд хоёр саваа тавьдаг нь чаргыг бэлгэдэж байгаа хэрэг юм.

Түлээн дээр цогцсоо тавиад эмэгтэйчүүд дээр нь гарч, хэрээ мэт дуугарна. Хүрмийг нь хутгаар зүсэж эхэлнэ.

Дараа нь хутгаа талийгаачийн бүсэнд хавчуулаад хамгаалалтын өвсөө авч түүдэгт хийнэ.

Түүдгийг эрчүүд хүрээлнэ.

Ингээд галаа асаана.

Гал сайн асаж байвал асаасан хүн урт насална. Хэрэв хэн нэгний гал асахгүй удвал удахгүй нас барахын шинж гэж үздэг.

Талийгчийн хамаатнууд түүдэг асахыг харж болохгүй. Бусад нь тэдэнд юу болж байгааг хэлж өгнө. Хэрэв цогцсын баруун гар өргөгдвөл удахгүй хэн нэг нь үхнэ, хэрэв зүүн гар хөдөлсөн бол талийгаач амьд ахуйдаа цагаан хэл аманд өртсөний шинж.

Оршуулгын ёслол хөнгөхөн, хөгжилтэй явагдах ёстой. Учир нь хөгжилтэй байвал талийгаач хойд насандаа аз жаргалтай байх болно. Тиймээс шарил шатааж байгаа түүдгийн дэргэд бөх барилдан, элдэв наадам зохион байгуулдаг. Маргааш нь гэр бүлийнхэн нь ирж, чандрыг авдаг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top