Мөрийтэй тоглоом тоглох зөрчил гурав дахин өссөн байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 10 сарын 12

Улсын хэмжээнд энэ оны есдүгээр сарын байдлаар 233 053 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь наймдугаар сартай харьцуулахад 0.01 хувиар өссөн байна.

Нийт зөрчлийн хэргийн 74.2 хувь нь Нийслэлд, 25.7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 99 хувийг Цагдаагийн байгууллага, 0.18 хувийг Мэргэжлийн хяналт, 0.01 хувийг Онцгой байдал, 0.79 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэжээ.

Дээрх хугацаанд 230 895 хүн, 293 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 0.7 хувиар буурч, хуулийн этгээд 13.6 хувиар өсжээ.

Зөрчил үйлдсэн хүмүүсийн 76 хувь нь эрэгтэй, 24 хувь нь эмэгтэй байгаа бол 64.4 хувь нь 26-45 насныхан байна.

Өнгөрсөн есдүгээр сард үйлдэгдсэн зөрчлийг наймдугаар сартай харьцуулбал, Мөрийтэй тоглоом тоглох зөрчлийн хэргийн гаралт хамгийн их өссөн дүнтэй байна.

Тодруулбал, Мөрийтэй тоглоом тоглох зөрчил гурав дахин, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 29.4 хувиар, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 25 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 17.5 хувиар, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 7.6 хувиар, Танхайрах зөрчил 0.4 хувиар тус тус өсжээ.

Харин Хулгайлах зөрчил 21.4 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 17.8 хувиар, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 16 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 2.1 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 1.4, Хүний биед халдах зөрчил 0.3 хувиар тус тус буурсан байна гэж Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top