Беларуст Оросоос 9000 ЦЭРЭГ ОЧНО

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 17

Беларусын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр тус улсад ОХУ-аас бараг 9000 цэрэг очих аж.

Оросын 9000 орчим цэрэг Беларуст цэргийн хамтарсан бүлгийг байршуулах ажлын хүрээнд очих юм. Оросын цэргийн эхний цуваа Беларуст очиж эхэлжээ. Цэрэг байрших үйл явц хэдэн өдрийг хамрах аж.

Оросоос нийт 9000-аас багагүй цэрэг Беларуст очих талаар Олон улсын цэргийн хамтын ажиллагааны газрын дарга Валерий Ревенко мэдэгджээ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр /2022.10.17/ цэргийнхэнд хийх хэвлэлийн бага хурлын үеэр өгнө гэсэн байна.

Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хамтарсан бүс нутгийн цэргийн бүлгийг байгуулах тохиролцоог баруун хил дээр нь нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор хийжээ. Лукашенко ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай Санкт-Петербургт болсон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн албан бус дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан билээ.

Оросын цэрэг тус улсад байршиж байгаа нь Беларусын цэргийн аюулгүй байдлыг хангах, энх тайвныг сахиулах мөн энэхүү шийдвэрийг хилийн бүс нутагт цэргийн үйл ажиллагааг бууруулах зорилгоор улсын хилийн хамгаалалтыг бэхжүүлэх үүднээс хэрэгжүүлж байгаа аж.

Бүс нутгийн цэргийн бүлэглэлийн үндэс нь энх цагийн Беларусын зэвсэгт хүчин, түүнчлэн ОХУ-ын бие даасан цэргийн ангиуд байх юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top