Орос, Беларусийн хамтарсан цэргийн сургуулилт эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 10

Орос, Беларусийн хамтарсан “Холбоотнуудын шийдэмгий байдал-2022” цэргийн сургуулилт өнөөдөр /2022.02.10/ Беларуст эхэллээ.

Сургуулилтыг батлан хамгаалах ажиллагааны явцад гаднын түрэмгийллийг таслан зогсоох, хариу цохилт өгөх, терроризмтой тэмцэх, холбоотон улсын эрх ашгийг хамгаалах зорилгоор зохион байгуулж байна. Оролцогчид зэвсэгт бүлэглэлүүд хилээр нэвтрэхээс сэргийлэх үүднээс улсын хилийн хамгаалалтыг бэхжүүлэх, зэвсэг нийлүүлэх шугамыг хамгаалах, хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг эрэн хайх, устгах сургуулилт хийх аж.

Беларусийн Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр, хамтарсан цэргийн сургуулилт нь дэлхий дахинд цэрэг, улс төрийн байдал хурцдаж, Европт дахь хурцадмал байдал гүнзгийрч, Беларусийн баруун болон өмнөд хил дээр нөхцөл байдал хурцдаж буй нөхцөлд болж байна. Тус яамны мэдээллээр, Беларусийн хил орчим НАТО-гийн улс орнууд олон тооны хүнд техник, онгоц төвлөрүүлээд байна.

Орос, Беларусийн хамтарсан сургуулилттай зэрэгцэн энэ сарын 10-20-ны хооронд Украинд мөн цэргийн сургуулилт болно гэж Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников мэдээлжээ. Түүний хэлснээр, цэргийн сургуулилтад нисгэгчгүй “Bayrakta” байлдааны онгоц болон зөөврийн “Javelin” танк эсэргүүцэгч пуужингийн комплексуудыг хэрэглэх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top