Япон, Канад, АНУ хамтран тэнгисийн цэргийн сургуулилт хийж байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 23

Япон, Канад, АНУ-ын тэнгисийн цэргийн хүчнүүд хамтран Курилын арлууд орчим анх удаа сургуулилт хийж байна. Тэнгисийн цэргийн сургуулилтын гол зорилго нь Япон болон түүний холбоотнууд Оросын болзошгүй аюулын эсрэг сөрөн зогсох нэгдмэл байдлыг Орост харуулах явдал хэмээн Японы хэвлэлүүд мэдээлжээ.

Энэ сарын 22-нд эхэлсэн “Noble CHINOOK” сургуулилт Курилын арлуудын зүүн эргээс Хоншю арлын өмнөд хэсгийг хамарсан бүсэд энэ сарын 28-ыг хүртэл үргэлжилнэ. Сургуулилтад Японы тэнгисийн цэргийн хүчний таван цэргийн хөлөг онгоц, тэр дундаа “Хюга” сөнөөгч хөлөг оролцож байгаа бол АНУ “Benfold” сөнөөгч хөлөг, Канад “Ottawa” болон “Vancouver” харуулын хөлөг онгоцнууд болон “MV Asterix” хангамжийн хөлгөө илгээжээ.

Сургуулилтын үеэр усан дээрх байг илрүүлэн устгах, нисдэг тэрэгнүүдийг хөлөг онгоцон дээр буулгах сургуулилтыг хийж байна. Японы тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчний мэдэгдэлд, Япон, Канад, АНУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь Номхон далайн бүс нутгийн нээлттэй байдлыг хангах гол үндэс хэмээн онцолжээ.

Япон улс нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ-ын хяналтад шилжсэн Курилын арлуудын дөрвөн өмнөд арлыг өөрийн нутаг хэмээн үздэг. Газар нутгийн эл маргаанаас болж тус хоёр улс өнөө хэр энхийн гэрээ байгуулж чадаагүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top