ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин алс дорнодын Курилын арлуудад анх удаа айлчиллаа. Тэрээр Курилын дөрвөн том арлын нэг дээр очиж, загасны аж ахуй эрхлэгчдэд зочилж, загасны түрс амталж буй бичлэгийг Кремль нийтэлжээ.
Үүнийг Японы Ерөнхий сайд Санае Такаичи эрс шүүмжилж “Хойд нутаг бол түүхийн хувьд ч, олон улсын хууль эрх зүйн хүрээнд ч Японы нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг байсаар ирсэн. Владимир Путин тус нутагт айлчилсан явдал нь Японы ард түмнийг доромжилсонтой агаар нэг бөгөөд огт хүлээн зөвшөөрөхгүй” гэж нэмж мэдэгджээ.
Орос-Японы харилцааны маргаан дагуулсан хэсэг байсаар ирсэн Курилын арлуудыг ЗХУ 1945 онд эзэлсэн байдаг. Маргаантай дөрвөн арал нь Орсоын Камчаткын хойгоос Японы хойд хэсгийн Хоккайдо арал хүртэл нум хэлбэрээр үргэлжилсэн байдаг бөгөөд Курилын арлын нэг хэсэг юм. Эдгээр дөрвөн арлыг Оросоор Кунашир, Хабомай, Шикотан, Итуруп гэж нэрлэдэг. Оросын 20 мянга орчим иргэн эдгээр арлуудад амьдардаг. Дөрвөн арлын хувьд алт, мөнгө зэрэг ашигтмалтын ордтой, загас агнуурын баялаг талбайтай. ЗХУ 1945 онд уг арлуудыг эзэлж авсны дараа 17 мянга орчим япон иргэнийг хөөн гаргажээ. Хүйтэн дайны үед ЗХУ уг арлуудад нисэх хүчний болон тэнгисийн цэргийн бааз байгуулж байв.
Япончууд Курилын арлуудыг Хойд нутаг гэж нэрлэж заншсан юм. Оросууд 2022 онд Украиныг булаан эзэлснээс хойш ОХУ-Японы харилцаа улам дордсон юм. Тус арлуудад ОХУ-ын Ерөнхийлөгч байхдаа 2010 онд Дмитрий Медведев айлчилж байв. Энэ нь тухайн үедээ ОХУ-ын төрийн тэргүүн Курилын арлуудад айлчилсан анхны тохиолдол болж түүхэнд үлдсэн бөгөөд дараа нь Ерөнхий сайдын хувиар хэд, хэдэн удаа айлчилсан байдаг. Японы зүгээс 2020 оноос хойш хэд, хэдэн удаа хэлэлцээ хийхээр болсон ч тухай бүрд нь ямар нэгэн үр нөлөө багатай байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )