“Түгжрэлийн эсрэг нийтээрээ” хэлэлцүүлэг боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 10 сарын 18

 Түгжрэл зөвхөн Улаанбаатар хотод байгаа юм биш. АНУ-ын томоохон хотууд ч бас түгжирдэг. ОХУ-ын Москва хотын хувьд гэхэд явган зорчилтыг дэмжих бодлого баримталж, нийтийн тээврээ шинэчлэн, уулзваруудыг өргөтгөн, олон түвшнийх болгож, LRT нэвтрүүлэх зэргээр 15 сая иргэнтэйгээ нэгдэн түгжрэлийг шийдсэн байдаг. Яг л өдгөө бидний ярьж байгаа ажлуудыг хэрэгжүүлсэн байгаа юм. Бид түгжрэлийг хамтарч үе шаттай шийдэх ёстой.

 Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэл бол сүүлийн 30 жилд хуримтлагдсан асуудал. Богино хугацаанд, өргөс авсан мэт шийдэх боломжгүй. Үе шаттай, бага багаар өөрчлөлт гарна. Хугацаа шаардана гэсэн үг.

Жишээлбэл Улаанбаатар хот өөрөө автомашиныг бүртгэж, улсын дугаар олгож, газрын бүртгэлийг хийж, бүсчлэл болон хураамжийг тогтоодог байх хэрэгтэй. Тийм учраас хөгжилд саад учруулж буй хуулийг өөрчилж, түгжрэлийг бууруулах чиглэлийн ажлыг хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй.

Түүнчлэн зөвхөн нийслэлийн төсвөөр түгжрэлийг бууруулна гэдэг боломжгүй. Жишээлбэл, авто замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэж буй зарим компани огт урьдчилгаа авалгүйгээр, өөрсдийн хөрөнгөөр ажлаа эхлүүлсэн. Тэгэхээр төсөв багасах юм бол бүтээн байгуулалтын ажлууд зогсох аюултай. Тиймээс ч нийслэл Улаанбаатар хотын төсөв жил бүр 420 тэрбумаас буурахгүй байх Засгийн газрын тогтоол гарсныг бас тодотгох нь зүйтэй. Цаашид ч мөн хөрөнгийн бусад эх үүсвэр, боломжийг босгохоор ажиллаж байна.

 Түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлбэл зохих 300 гаруй ажлыг 36 багц болгосон. Үүнээс 2022 онд 12 багцын 49 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд

  • Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Нийтийн тээврийг шинэчлэх
  • Газар чөлөөлөх
  • Шинээр гол болон туслах авто зам, замын байгууламж барих
  • Яармаг дэд төв байгуулах
  • Явган хүний болон дугуйн замыг шинэчлэх
  • Гарааш болон хашаа, хайс буулгах
  • Уулзварыг дахин инженерчлэх зэрэг ажлууд багтаж байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top