Төр захиргааны шинэ байрыг худалдаж, түгжрэлийг бууруулахад зарцуулна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 03

НИТХ-ын ээлжит XVI хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

НИТХ-ын ээлжит XVI хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Эрдэнэжаргал 2023 онд төсвийн орлогоо нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах аудитын дүгнэлтийг танилцуулав.

Тэрбээр “Ирэх оны төсвийн төсөлд татварын орлогыг нэмэгдүүлэх хүрээнд нийслэлийн есөн дүүргийн татварын мэдээллийн санд бүртгэгдээгүй үл хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлж, татварын суурь баазыг нэмэгдүүлэх, нийслэлийн өмчийн байруудыг НИТХ-аар баталсан тарифаар түрээслэх зэргээр орлого төвлөрүүлж болно. Мөн тэвчиж болох зардлуудыг танах боломжтой” хэмээсэн юм.

НИТХ-ын хороод болон намын бүлгийн хуралдаануудаар Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцсэний дүнд гаргасан санал, дүгнэлтүүдийг мөн танилцуулсан.

Тухайлбал, НИТХ дахь  МАН-ын бүлгээс Сэлбэ голын төслийн нэгжтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй байх улс төрийн шийдвэр гаргасан бол АН-ын бүлгээс  татварын бус орлогыг нэмэгдүүлэх чиглэлд гэр хорооллын газартай уялдуулан үнэт цаас гаргах, төр захиргааны шинэ байрыг худалдан борлуулж замын түгжрэлийг бууруулахад зарцуулах, чиг үүрэг давхардсан орон нутгийн өмчит газруудыг татан буулгах, нэгтгэх зэргээр зардлыг  бууруулах саналтайгаа онцлов. Хуралдаанаар эдгээр санал, дүгнэлтийг төсвийн төсөлд тусгах, эсэх дээр санал хурааж шийдвэрлэсэн юм.  

Нийслэлийн 2023 оны төсөв батлах тогтоолын төсөл гаргаж санал хураан, олонхын саналаар баталлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kca(202.126.90.106) 2022 оны 12 сарын 03

Маш өндөр үнээр худалдан авсан эзэн нь том худалдааны төв болгочихвол яана аа. Тэгээд л будаа. Оронд нь номын сан, музей, эрдэм шинжилгээний байгууллага орвол зүгээр юм даа.

0  |  0
Top