Өнөөдөр Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09

АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа НҮБ-ын Авлигын эсрэг конвенц батлагдсаны 20 жилийн ойн мэндчилгээ хүргүүллээ.


Та бүхэнд Авлигын эсрэг олон улсын өдрийн мэндийг хүргэе.

НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдрийг энэ жил “Дэлхий нийтээрээ авлигын эсрэг нэгдье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтлоо.

Монгол Улс Авлигын эсрэг олон улсын өдрийг  эдүгээ  16 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чин шударгаар хэрэгжүүлж, авлигыг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх, авлигын шалтгаан нөхцөлийг арилгах, албан хаагчдыг чадавхжуулах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хулгайлагдсан хөрөнгийг буцаах ажлыг тэргүүлэх зорилт болгон ажиллаж байна.

Авлигыг үл тэвчих үзлийг түгээн дэлгэрүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих, иргэдийн зүй бус хэвшмэл ойлголт, зохисгүй хандлагыг өөрчлөх зорилгоор авлигын эсрэг хууль тогтоомжийг ухуулан таниулах, хувь хүний үнэт зүйл, шударга ёсны боловсрол олгох, “Шударга ёсны клуб” байгуулан ажиллуулах зэрэг соён гэгээрүүлэх ажлыг үе шаттайгаар хийж байна.

Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, хүнд суртал шат дамжлагыг бууруулах, гүйцэтгэлийн хяналт, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор хүнс хөдөө аж ахуй, боловсрол, барилга, зам тээвэр, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, байгаль орчин, уул уурхайн салбарт цуврал хэлэлцүүлэг өрнүүлж, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг талууд нээлттэй ярилцан, шийдвэрлэх арга зам, гарц шийдлийг тодорхойллоо.

Монгол төрөөс авлигатай тэмцэх ажилд онцгойлон анхаарч байгаа нь авлигын эсрэг хууль эрх зүйн орчныг сайжруулах, төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд суртлыг арилгах, төрийн албан хаагчийн ёс зүйг сайжруулах, хариуцлагыг чангатгах, олон нийтийн хяналт-оролцоог нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг болж байгааг энд тэмдэглэн хэлье.

Хүн төрөлхтөний хамгийн ихээр эрхэмлэдэг үнэт зүйлсийн нэг нь шударга ёс, түүний төлөөх тэмцэл, хүсэл эрмэлзэл байдаг. Шударга ёс алдагдсан газарт авлига хамгийн ихээр тархдаг нь жам ёс. Энэ нь шударга ёс өөрийн орон зайгаа авлигад эзлүүлж, олон нийт сайн сайхан амьдрах итгэл найдвараа алдана гэсэн үг. Авлигатай хийх тэмцэл нь асар их хөрөнгө мөнгө, эрх мэдэл, улс төр-бизнесийн хүчирхэг бүлэглэлтэй тулах хүнд хэцүү, адармаатай ажил гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Гэвч хүнд хэцүү хэмээн халшран хойш суух эрх бидэнд үгүй. Авлигыг дийлдэшгүй хүчин зүйл гэж бас бүү бод. Иргэний нийгмийн хяналт, ёс зүйтэй сэтгүүл зүй, иргэд олон нийтийн оролцоо бүхий та бидний нягт хамтын ажиллагаа түүнийг ялан дийлнэ. Авлигатай тэмцэх ажлын ололт, амжилт бүр иргэд олон нийтийн үзүүлсэн дэмжлэг, туслалцааны бодит илэрхийлэл байдаг.

Ард иргэдийн алдагдсан боломжийг сэргээн эдлүүлэхийн төлөө бид  улам бүр хичээн ажиллах болно.

Авлигын эсрэг нийтээрээ, хамтдаа сөрөн зогссоноор нийгмийн сайн сайхан бүхнийг цогцлоон бүтээж чадна. Авлигын эсрэг конвенциэр хүлээсэн үүргээ бүх шатны төрийн байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн бүр нэр төртэй биелүүлж, үндэсний шударга ёсыг бэхжүүлэн хөгжил дэвшилд хүргэх үйл хэрэгт хамтдаа хүчин зүтгэхийг уриалж байна.

Та бүхэнд НҮБ-ын Авлигын эсрэг конвенц батлагдсаны 20 жилийн ойн мэндийг дэвшүүлье.   

Дэлхий нийтээрээ авлигын эсрэг нэгдье.

МОНГОЛ УЛСЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ

ГАЗРЫН ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР                                                          З.ДАШДАВАА

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.111.180.213) 2023 оны 02 сарын 04

baas ene yu chchadaxgyi

0  |  0
Top