С.Батдөлөөс хураасан мөнгөний ЭХ ҮҮСВЭРИЙГ тогтоох ажил явагдаж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 18

"Улаанбаатар Төмөр зам" (УБТЗ) хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл болоод түүнтэй хамаарал бүхий хүний гэрээс 7,3 тэрбумыг төгрөгийг хурааж, иргэн С.Батдөлд яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн байдаг. Түүнд холбогдох шүүх хурал нэгдүгээр сарын 9-ний өдөр болж, нэмэлтээр гэмт хэрэг үйлдэж болзошгүй бичиг баримт олдсон учир түүнийг нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан билээ.

Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа ямар шатанд явж буй талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах оношилгоонд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Одоос тодруулахад "Иргэн С.Батдөлд татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан байж болзошгүй гэсэн хоёр үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хураагдсан мөнгөний эх үүсвэрийг тогтоох ажиллагаа явагдаж байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллага болон АТГ-ын хамтарсан баг шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа явцад хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн эсвэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нөхцөл байдал тогтоогдвол АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт өгнө. Уг мөрдөгчийн саналыг хяналтын прокурор хянаад үндэслэлтэй хэмээн үзвэл Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татна" гэж хариуллаа.

С.Батдөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Татвараас зайлсхийх/ мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь / Мөнгө угаах/ заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

18.3 дугаар зүйл. Татвар төлөхөөс зайлсхийх

1.Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

18.6 дугаар зүйл. Мөнгө угаах:

2.Энэ гэмт хэргийг: 2.2.байнга тогтвортой үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(64.119.24.5) 2023 оны 01 сарын 18

Авилгын хэр6ийг насаар нь хорих хэрэгтэй ыүх улсаараа хохирогч болдог хэрэг

0  |  0
Top