ШУА | Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 01 сарын 23

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Ойн нөөц, ой хамгааллын салбарын хамт олон  ШУА болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн хамтын ажиллагааны хүрээнд Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 100 сая мод тарьж, ургуулах зорилт тавьсан бөгөөд энэхүү зорилтыг амжилттай хэрэгжүүлэх, модлог ургамлын үрийн нөөцийг бүрдүүлэх, генийн санг хадгалах, хамгаалах зорилгоор  1000  тонн үрийн агуулах бүхий Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв 2022 оны 06 сарын 22-нд нээлтээ хийсэн билээ. Тус төв нь  нэн ховор, ашигт болон модлог ургамлын үрийн санг бүрдүүлэх, ойн генетик нөөцийг хадгалах, хамгаалах, туршилт, судалгаа гүйцэтгэх, тарьж ургуулсан ойн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр ажиллаж байна.

Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв нь үрийн лаборатори, биотехнологийн лаборатори, хорио цээрийн лаборатори болон үр, мөчир, тарьц, суулгац хадгалах агуулах, хүлээн авах хэсэг, гүн хөлдөөх хэсэг, сургалт, уулзалтын танхим хэсэгтэй.

 

Хамтын ажиллагааны хүрээнд салбарын судлаачид тус төвийн мэргэжилтнүүдэд ойн үрийн генетик нөөцийн хамгаалал, Монгол орны ойн санд зонхилон тархдаг хөнөөлт шавжийн экологи, биологийн онцлог, тэмцэх арга хэмжээ сэдвээр сургалт зохион байгууллаа.  Мөн цаашид хамтран хэрэгжүүлэх судалгаа хөгжүүлэлт, хамтын ажиллагааны талаар санал солилцон ажиллав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top