Авлигатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус газраас “Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэргийг мөрдөн шалгах явцад 15 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авснаас одоогоор 7 яллагдагч цагдан хоригдож байна.
Улсын хилээр гарахыг хязгаарласан 19, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх 5, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 33 яллагдагчид аваад байна. Татвар төлөхөөс зайлсхийсэн, албан тушаалын 36 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Одоогоор гурван хэргийг дуусгаж, шүүхэд шилжүүлсэн.
Шалгалтын явцад гэрчээр 421 хүнийг дуудаж, 640 баримт материалд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Одоогоор 66 иргэн албан тушаалтан шалгагдсанаас, 26 хүнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилж холбогдох газарт танилцуулсан. Нэгжлэгийн явцад илэрсэн 630 сая төгрөг, 230.000 ам.долларыг хураан авч эх үүсвэрийг шалгаж байна” гэх мэдээллийг өглөө.
Түүнчлэн нүүрс тээвэртэй холбоотой хэрэгт шалгагдаж байгаа иргэн, албан тушаалтнуудын нэрсийг дахин зарлах нь зохимжгүй бөгөөд шүүхээр гэм буруутай эсэх нь шийдвэрлэгдсэний дараа зохих байгууллагуудаас мэдээлэл авах боломжтой гэлээ.
Мөн үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах комиссар Б.Батбилэг "Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан этгээд нь Тавантолгой орд газраас хөрс хуулалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компанитай гэрээ байгуулах явцдаа хахууль авчээ.
Хахуулийн мөнгөнөөсөө Хан-Уул дүүрэгт 4.6 га талбайд спорт цогцолбор, орон сууцны барилгын ажлыг эхлүүлэхэд зарцуулсан нь гэмт хэргийн замаар олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан, хууль бус эх үүсвэрийг нуух зорилгоор өөрчилсөн нь алба тушаалтан хахууль авах, мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна.
Мөн Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь өөрийн найз, нөхдийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 464.5 м.кв бүхий оффисыг 2.5 тэрбум, мөн 530.9 м.кв бүхий оффисыг 2.9 тэрбум төгрөгөөр худалдан авсан бөгөөд эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, хамаарал бүхий этгээдийн нэр дээр үнэт цаас, бонд авсан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдож байна. Тухайн оффисоо түрээслэх замаар 1.9 тэрбум төгрөгийн орлого олсон нь тогтоогдсон бөгөөд уг оффисыг битүүмжилсэн байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Хууль ёсны хөдөлмөрөөр орлого олж бариулсан бол хураах үндэслэлгүй,битгий өөрийнхөө хонхороор сэтгээд бай хорвоо дэлхий уужим хийх ажил зөндөө гэдгийг санахад илүүдэхгүй
казакийн Астана хотод байгаа орон сууцйг битүүмжил ж орон сууцыг нь зарж улсад мөнгийг оруулах хэрэгтэй шүү шуналтан каззак