Оюутан залуусыг дэмжих чиглэлээр Санамж бичиг байгуулав

2023 оны 03 сарын 16

Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн дэд дарга З.Төмөртөмөөгийн санаачилгаар НЗДТГ болон харьяа байгууллагуудын удирдлагууд их, дээд сургуулиудын оюутнуудтай цуврал уулзалт хийж буй. Энэ хүрээнд Соёл, урлагийн их сургууль /СУИС/-ийн оюутнууд, эрдэмтэн багш нартай уулзаж, хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцсэн. Уг уулзалтын үеэр дэвшүүлсэн санал, санаачилгыг хэрэгжүүлэхээр НЗДТГ, СУИС хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө СУИС-ийн захирал Э.Сонинтогос болон хоёр байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Улаанбаатар хотын соёлын салбарын бодлого, үйл ажиллагаанд СУИС-ийн багш, оюутнуудыг оролцуулах, тэдний хөгжих, бүтээн туурвих боломжуудыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар талаар уг Санамж бичигт тусгав.  Тухайлбал, НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газраас зохион байгуулах соёл, урлагийн томоохон арга хэмжээ, үйл ажиллагаанд СУИС-ийн оюутнуудыг “Орлоготой оюутан” хөтөлбөрийн хүрээнд ажиллуулах боломж бүрдэх юм. Мөн оюутнууд дүүргүүдийн соёлын ордон, Хүүхдийн ордон, Урлан бүтээх төв, Улаанбаатар театр, СТӨ, Улаанбаатар хотын музей, Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн заал, танхимыг зориулалтаар нь ашиглан өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлийн дадлага хийх нөхцөлийг бий болгоно.  Түүнчлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл, урлагийн чиглэлийн сургуулиудын оюутнуудын спортын тэмцээн, оюутнуудыг дэмжих олон төрөлт үйл ажиллагаа, сургалт зохион байгуулах, судалгаа хийх, контент бүтээхэд хамтран ажиллахаар тохирлоо.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төмөр(64.119.21.98) 2023 оны 03 сарын 16

Төмөрмөөмөө бичиг сачиг хангалттай бгаашдээ яг хийж харуул ийм юманд хүүхэд ч итгэхээ больсон ядаж ичмэр аяддагч болоосой

0  |  0
Top