Cонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ тавдугаар сарын 1-14-нд Ташкент (Узбекистан) хотод явагдаж байна.
Өчигдөр 13 жин тус бүрийн урьдчилсан тулаанууд өндөрлөж, медалийн эзэд тодорлоо. Хагас шигшээ тоглолтууд 12-нд явагдаж, финалын тулаанууд 13, 14-нд болно.
Өчигдөр манай хоёр боксчин медалийн төлөө тулалдаж, хоёулаа ялалт байгуулж, хүрэл медалийн болзлоо биелүүлсэн. Цаашдаа медалийн өнгө хувиргах тоглолтууд хийх болно.
67 кг-ын жинд Азийн аваргын хүрэл медальт Б.Мишээлт Алжирын Х.Крамауг 5:2, Армений Г.Мадояныг 4:3-аар ялж, шөвгийн наймд шалгарсан. Шөвгийн наймд мэргэжлийн дэвжээнд тулалдаж байсан Венесуэлийн Кристиан Паласиотой өрсөлдлөө. Эхний үед 5:0 хожигдсон ч хоёрдугаар үед илт илүүрхэж, Венесуэлийн тамирчны хөмсөг задарсан тул шүүгчид тулааныг зогсоож, манай тамирчин ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангалаа.
Мөнгөн медалийн төлөө Узбекистаны Asadkhuja Muydinkhujaev-тай өрсөлдөнө.
63.5 кг-д Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг Австралийн М.Маклериг 5:0, Камеруны М.Оумароуг 5:0, Конгогийн Ф.Мулумбаг 5:0-ээр ялж, оноо алдалгүй медалийн төлөөх тулаанд шалгаран үлдсэн.
Шөвгийн наймд олимпын 3 хүрэл медальтай, дэлхийн 3 удаагийн аварга, Панамерикийн 3 удаагийн аварга тамирчин Кубын алдарт Ласаро Альварестай гар зөрүүлж, 4:1 харьцаатай буулгаж авсан.
Б.Чинзориг зургаа дахь ДАШТ-дээ оролцож, гурван удаа медалийн төлөө шалгарсны эцэст Дэлхийн медальтан боллоо.
Манай тамирчин мөнгөн медалийн төлөө Тажикстаны боксчин, Ази тивийн аварга Б.Усмоновтой 12-нд тулалдах болно.
Монголын боксын эрэгтэй шигшээ баг 14 жилийн дараа дэлхийн хос медальтантай боллоо. Манай хоёр тамирчин хүрэл медалийнхаа өнгийг нь өөрчлөхийн төлөө тулалдах болно.
Сэтгэгдэл ( 2 )
ТВ-ЭЭР эмэгтүйчүүдийн дэлхий аварга шиг үзүүлчихээч гуйж байна
goe shuu avargiig yalj avarga bolno.