Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Гаалийн газрын байцаагч Н нь БНХАУ руу хууль бус бараа гаргах гэж байгаад баригдсан талаар өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл эл хэрэгт гаалийн байцаагч Н-ээс гадна автобусны жолооч болон гурван иргэнийг холбогдуулан шалгаж байгаа аж.
Энэ талаар Замын-Үүд сумын Гаалийн газартай холбогдоход "Он гарснаас хойш байгалийн үнэт чулууг хууль бусаар гаргахыг завдсан үйлдэл 39 бүртгэгдсэн. Тухай бүрт нь арга хэмжээ авч ажилладаг. Өчигдрийн үйлдлийн хувьд бид хууль, хяналтын байгууллагатай хамтарч, үзлэг шалгалт хийсэн. Одоогоор хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна. Хэрэг бүртгэлийн хэрэг нээж, бичиг нь прокурор дээр оччихсон байгаа. Хэргийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн" гэх тайлбарыг өглөө.
Сануулахад, тус сумын Гаалийн газрын байцаагч Н нь автобусны жолоочтой үгсэн хуйвилдаж, хяналт шалгалт хийлгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-ын Эрээн хот руу өчигдөр /2023.05.10/ 11:00 цагийн үед их хэмжээний байгалийн үнэт чулуу хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг Хил хамгаалах байгууллагын алба хаагчид илрүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )