Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явуулав. Хурлаар Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцууллаа.
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, нийтийн эзэмшлийн болон явган хүний зам, талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор гараашнуудыг чөлөөлж, НИТХ-ын тогтоолоор нийтийн эдэлбэр газарт бүртгэх ажлуудыг хийж байна. Энэ хүрээнд 2019 оноос хойш 145 байршлын 227.97 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгээд байгаа юм. Тэгвэл өдгөө газар ашиглалтын байдалд судалгаа хийж, нийт 47 байршлын 7.72 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэхээр Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн юм.
Тодруулбал,
- Баянгол дүүрэгт 10 байршлын 0.86 га
- Баянзүрх дүүрэгт 16 байршлыг 3.54 га
- Сонгинохайрхан дүүрэгт 6 байршлын 0.61 га
- Сүхбаатар дүүрэгт 8 байршлын 0.98 га
- Хан-Уул дүүрэгт 4 байршлын 1.21 га
- Чингэлтэй дүүрэгт 1 байршлын 0.27 га
- Налайх дүүрэгт 2 байршлын 0.25 га газар байна.
Эдгээр газрыг нийтийн эдэлбэрт бүртгэж, тохижилтын ажлууд хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, 1 байршилд тоглоомын талбай, 6 байршилд тохижилт, ногоон байгууламж, зогсоол, 15 байршилд тохижилт бүхий ногоон байгууламж, 12 авто зогсоол, 10 байршилд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, 3 байршилд ногоон байгууламж хийх юм.
Зөвлөлийн гишүүд дээрх ажлыг сайн жишиг гэдгийг тодотгон, хурлаас тэмдэглэл гарч, НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.
ГАМШГИЙН ҮЕД ТҮР ЦУГЛАРАХ, НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ БАЙРШИЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА
Үүний дараа Болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрын байршил, хэмжээг шинэчлэн тогтоох тухай танилцууллаа.
Нийслэлийн нутаг дэвсгэрт гамшгийн үед түр цугларах 192, нүүлгэн шилжүүлэх 31 байршил, хэмжээг НИТХ-ын тогтоолуудаар баталсан байдаг. Гэвч дээрх байршлуудад барилга, байгууламж барьсан, зарим дүүргийн засаг захиргааны нэгжид өөрчлөлт орсон, газар хөдлөлтийн идэвхжилт нэмэгдэж байгаа зэргээс шалтгаалан нүүлгэн шилжүүлэх болон түр цугларах талбайн байршил, хэмжээг шинэчлэн тогтоох хэрэгцээ, шаардлага үүсжээ. Дээрх шалтгаан болон Нийслэлийн Онцгой байдлын газраас ирүүлсэн саналыг үндэслэн болзошгүй гамшгийн үед түр цугларах 203 байршлын 164.6 га талбай, нүүлгэн шилжүүлэх 33 байршлын 1430.4 га талбайг шинэчлэн батлуулахаар НИТХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна. Тодруулбал,
- Баянгол дүүрэг-Түр цугларах 23 байршлын 14.23 га, нүүлгэн шилжүүлэх 3 байршлын 148 га
- Баянзүрх дүүрэг- Түр цугларах 40 байршлын 51.42 га, нүүлгэн шилжүүлэх 5 байршлын 85 га
- Сүхбаатар дүүрэг- Түр цугларах 29 байршлын 20.08 га, нүүлгэн шилжүүлэх 5 байршлын 106 га
- Чингэлтэй дүүрэг- Түр цугларах 18 байршлын 7.64 га, нүүлгэн шилжүүлэх 4 байршлын 136 га
- Хан-Уул дүүрэг- Түр цугларах 47 байршлын 31.14 га, нүүлгэн шилжүүлэх 2 байршлын 86 га
- Сонгинохайрхан дүүрэг- Түр цугларах 22 байршлын 10.63 га, нүүлгэн шилжүүлэх 2 байршлын 205 га
- Налайх дүүрэг- Түр цугларах 11 байршлын 8.4 га, нүүлгэн шилжүүлэх 5 байршлын 118 га
- Багануур дүүрэг- Түр цугларах есөн байршлын 19.17 га, нүүлгэн шилжүүлэх 3 байршлын 38.2 га
- Багахангай дүүрэг- Түр цугларах дөрвөн байршлын 1.9 га, нүүлгэн шилжүүлэх дөрвөн байршлын 508.2 га талбайг тусгаад байна.
Зөвлөлийн гишүүд дээрх байршлуудад дахин өөрчлөлт орохгүй байхад анхаарах ёстойг хэлж байлаа. Хурлаас тэмдэглэл гарч, тус асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.
ГЭР ХОРООЛЛЫГ БАРИЛГАЖУУЛАХ ТӨСЛИЙН БАЙРШЛЫГ НЭМЭХЭЭР САНАЛ ОРУУЛЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил батлах тухай асуудлыг Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү танилцууллаа.
Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилтын хүрээнд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлдэг. Улаанбаатар хотын иргэдийн 50 орчим хувь нь гэр хороололд амьдарч байгаа бөгөөд энэ нь 23,206 га талбайг эзэлж буй.
НИТХ-ын тогтоолоор нийслэлийн найман дүүргийн нутаг дэвсгэрт 28 байршлын 85 хэсэгчилсэн талбайг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршлаар баталсан. Энэ нь 18,843 нэгж талбар буюу 1631 га газрыг эзэлж байна. Дээрх талбайд 148,323 айлын орон сууц, 60 сургууль, 92 цэцэрлэг, 14 эмнэлэг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ оны байдлаар 18 байршлын 51 хэсэгчилсэн талбайд 45 төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар 3023 нэгж талбарын газрыг чөлөөлж, 16,671 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байгаа юм.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад Улаанбаатар хотыг найман бүс, 47 нэгж хороолол болгон хөгжүүлэхээр тусгасан. Сэлбэ, Баянхошуу дэд төв нь нийслэлийн хүн амын хэт төвлөрлийг сааруулах, иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, хүн амын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах зорилготой. Тус дэд төвүүдэд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр авто зам, дулаан, цахилгаан холбоо, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, үерийн хамгаалалтын далан, тохижилт, ногоон байгууламжийн ажлууд хийсэн.
Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 14, 18, Сүхбаатар дүүргийн 14, 15-р хорооны нутаг дэвсгэрийн 158 га, Сонгинохайрхан дүүргийн 7-11, 28, 40-р хорооны нутаг дэвсгэрийн 162 га талбайг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршил болгохоор санал орууллаа.
Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Р.Дагва том хэмжээтэй талбайд нэг аж ахуйн нэгж шалгараад, нэг га-г барилгажуулах гэж олон жил болдог. Үүнийг хэрхэн зохион байгуулах вэ гэдгийг тодруулсан юм.
Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү олон аж ахуйн нэгжийг оролцуулах боломжийг бүрдүүлэхээр зорьж байгааг хэлж байлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Барилга, хот байгуулалт хариуцсан зөвлөх Б.Сүхбаатар ч мөн дахин төлөвлөлтөд нэг компани биш, олон компани ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг онцолж байлаа.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, гишүүдийн саналыг тусган гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоох асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.
“КАПИТАЛ” БАНКАНД БҮРТГЭЛТЭЙ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨНӨӨС СОНГОН, ХОХИРЛОО БАРАГДУУЛНА
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн өр төлбөрт үл хөдлөх хөрөнгө сонгон авах тухай асуудлыг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн танилцууллаа.
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 онд байгуулсан байдаг. Улмаар Нийслэлийн төсвөөс 2014, 2015 онд тус бүр 3 тэрбум, нийт 6 тэрбум төгрөг төсөвлөснөөс 2014 онд 1,037 тэрбум, 2015 онд 5.6 тэрбум төгрөгийг таван жилийн хугацаатай, жилийн таван хувийн хүүтэйгээр 30-500 сая төгрөг хүртэлх хэмжээтэйгээр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээр олгосон. 2020 оны байдлаар 2.5 тэрбум төгрөгийн эргэн төлөлт, 162 сая төгрөгийн хүүгийн орлого Төрийн санд төвлөрчээ. Харин 2019 онд “Капитал” банкийг татан буулгах шийдвэр гарч, тус банкнаас авах зээл, зээлийн хүү, алданги 3.7 тэрбум төгрөг үлдсэн байна. Өдгөө төрийн байгууллагад учирсан хохирлыг барагдуулах ажил үргэлжилж байгаа бөгөөд “Капитал” банканд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөнөөс сонгон, хохирлоо барагдуулах боломжтой юм.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх асуудалтай холбоотойгоор Ажлын хэсэг байгуулахаар боллоо.
ДАМБАДАРЖАЙЛИН ХИЙДИЙГ ТҮҮХ, СОЁЛ, ШАШНЫ ЦОГЦОЛБОР БОЛГОН ХӨГЖҮҮЛНЭ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн тайланг Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш танилцууллаа.
Тус Ажлын хэсэг нь Дамбадаржайлин хийдийн Цогчин дуганд хийсэн их засвар, хөрөнгө оруулалт, түүх, соёлын үл хөдлөх газрын хамгаалалтын бүс, өмчлөлийн асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулжээ.
Дамбадаржайлин хийд нь Богдын хүрээнээс үлдсэн хамгийн эртний архитектурын дурсгал юм. Тус хийдийг Манжийн хааны зарлигаар II Богд Жавзандамба хутагтын дурсгалд зориулан 1761-1765 онд баруун, зүүн Сэлбэ голын уулзварт байгуулсан. Хийдийн лавиран, гэрэлт хөшөө, цогчин дуган зэргийг сэргээн засварлаж байгаагүй, хадгалалт, хамгаалалт муу, зарим барилга эвдэрсэн, шатсан бөгөөд барилгыг сэргээн засварлах шаардлагатай байгаа юм.
Ажлын хэсгийн дүгнэлтээр иргэн Б.Туяа, Монголын Бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн З.Санждорж нар нь ямар нэгэн гэрээ хэлцэл, зөвшөөрөлгүйгээр Дамбадаржайлан хийдэд үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогджээ.
НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай “Миний бие Ажлын хэсэгт орж ажилласан. “Дамбадаржайлан хийд” ТББ хийдийн үйл ажиллагааг сэргээн, одоог хүртэл авч яваа гэж байгаа боловч нэг ч удаа засвар хийлгүй өнөөг хүрсэн. Энэ хийд бол нийслэлийн өмч, соёлын өвд бүртгэлтэй. Соёлын өвд бүртгэлтэй газар барилга барихдаа заавал зөвшөөрөл авах ёстой байтал НИТХ-аас баталсан тогтоолын дагуу гэсэн нэрээр нэг лам хуучныг сэргээн засварлаж байна гээд цогчин дуган барьсан. Гандантэгчинлэн хийд, төрийн бус байгууллага, дотор нь үйл ажиллагаа явуулдаг лам нар гээд олон талын өмчийн маргаантай. Хийдийг аав нь охиндоо өвлүүлж өгсөн асуудал хүртэл гарсан” хэмээв.
Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө нийслэл, улсын өмч энэ мэт эзгүйдэж байгаад анхаарал хандуулах цаг болсныг онцолж байлаа. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, хийдийн барилга, байгууламжийг албан бусаар ашиглаж байгааг буцаан авч, холбогдох хууль, журмыг мөрдүүлэн ажиллах, хийдийг түүх, соёл, шашны цогцолбор болгон хөгжүүлж, соёлын үйлдвэрлэл, аялал жуулчлалын эргэлтэд оруулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл ( 0 )