Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз, “Мишээл хүүхдийн сан”-г үндэслэгч, Швейцар Улсын иргэн Габриэлла Шмидт Корсито нартай уулзлаа. Энэ үеэр талууд Амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв байгуулах талаар санал солилцсон юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Бид Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндийн асуудалд онцгойлон анхаарч буй. Үүнд Монгол Улсын Ерөнхий сайдын санаачлан хэрэгжүүлж байгаа “Шүд” хөтөлбөр чухал ач холбогдолтой. Мөн Европын холбооны зүгээс манай улсын эрүүл мэндийн салбарыг дэмжин ажилладагт талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаашид нийслэлийн иргэдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, эрүүл ахуйг сахиулах, урьдчилан сэргийлэх боловсрол олгох чиглэлээр хамтран ажиллахад таатай байх болно” хэмээлээ.
Элчин сайд Аксель Никэйз “Амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төвийг байгуулахдаа Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл болох “Passive house” хэлбэрээр хийх төлөвлөгөөтэй байна. Уг төслийг саяхан болсон “Европын өдөрлөг”-ийн үеэр Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг танилцуулсан. Хэрэв энэ төсөл амжилттай хэрэгжвэл Улаанбаатар хотоос гадна хөдөө орон нутагт ч нэвтрүүлэх боломжтой” хэмээсэн юм.
Мөн Швейцар Улсын иргэн Габриэлла Шмидт Корсито “Бидний байгуулах гэж буй Амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв нь хотын төвөөс алслагдсан, эмзэг бүлгийн зорилтот хүүхдүүдэд хүрч үйлчлэх нь чухал байна” гэлээ.
Уулзалтын төгсгөлд нийслэлийн зүгээс тус төвийн газрын асуудлыг шийдвэрлэн, бүхий л талаар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )