Цагаан байрнаас “Хүчит шонхор” зах хүртэл авто зам тавьж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 05 сарын 30

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт Чингэлтэй дүүрэгт хийж буй зарим бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа. Тодруулбал, тус дүүрэгт Дэнжийн 1000-ын Цагаан байр орчмын замыг “Хүчит шонхор” захын уулзвартай холбосон 1.7 км авто зам шинээр тавьж байна. Түүнчлэн дүүргийн 10 дугаар хороонд шинэ эмнэлэг, эмнэлгийн ажилчдын орон сууц барихаар 2.8 га талбайг чөлөөлжээ.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ч.Батсүмбэрэл:

-Чингэлтэй дүүрэгт улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн барилгаас гадна дүүргийн эмнэлгийн өргөтгөл, Эрт илрүүлэг, оношилгооны төв барьж байна. Түүнчлэн хэд хэдэн авто замын ажил өрнөж байгаа. Тухайлбал, нийслэлийн төсвийн хөрөнгөөр дүүргийн 9, 10, 11 дүгээр хороог дамнасан авто зам шинээр тавьж байна. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Чингэлтэй дүүргийн шинэ эмнэлгийг байгуулахаар газар чөлөөлсөн. Бүтээн байгуулалт хийхэд газар чөлөөлөлт гол тулгамдсан асуудал болж буй тул иргэдэд энэ талаар таниулж, ойлгуулахад анхаарч байна хэмээв.

Авто замын ажлыг гүйцэтгэгч “Экспресс зам” ХХК-ийн захирал Э.Чинбат:

-Шинэ авто замыг тавихдаа борооны ус зайлуулах шугам, явган хүний зам зэргийг иж бүрэн хийж, тохижуулна. Дөрөвдүгээр сарын 6-наас зам барилгын ажил эхэлсэн. Есдүгээр сарын 1-н гэхэд бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа. Төлөвлөсөн хугацаандаа ажлаа дуусгахад газар чөлөөлөлтийн асуудал тулгамдаж байна гэсэн юм.

Шинээр тавьж буй авто замын трасст 26 нэгж талбар өртсөнөөс 11-ийг нь чөлөөлөхөөр зөвшилцөлд хүрээд байгаа аж. Газар чөлөөлөлтийн үйл явцыг эрчимжүүлж, тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэн ажиллахыг Хотын дарга холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top