Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хөгжлийн харандаа” танин мэдэхүй, инновацын үзэсгэлэнг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Тус үзэсгэлэн нь хүүхэд багачуудад инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэх, мөн шинжлэх ухаан, технологийн ертөнцөөр аялуулах, инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, хүүхдүүдийн стратеги сэтгэлгээ, манлайлал, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготой.
Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын дарга Б.Бат-Өлзий:
-Өнгөрсөн жилтэй харьцуулахад үзэсгэлэн маань илүү өргөн цар хүрээг хамарч байна. Тухайлбал, өнгөрсөн жил е-спортын нэг тэмцээн болж байсан бол энэ жил шилдэг багуудын хооронд PUBG, CSGO төрлийн хоёр тэмцээн нэгэн зэрэг болж, оролцож буй багуудын тоо ч нэмэгдсэн. Мөн өнгөрсөн жил уг үзэсгэлэнд долоон компани оролцож байсан бол энэ жил 17 компани болж өргөжин, олон сонирхолтой бүтээл, арга хэмжээг толилуулж байна хэмээлээ.
"Хөгжлийн харандаа” үзэсгэлэнд оролцож буй “Цэнхэр шувуу урлан”-гийнхан дижитал арт, манга, цахим тоглоом хөгжүүлдэг. Тодруулбал, өөрийн дүрээ хаа нэгтэйгээс дуурайх, эсвэл хуулалгүйгээр өөрсдөө зохиомол дүр бүтээдэг. Тэрхүү бүтээлээ манга, анимейшн, тоглоом болгох, эсвэл аяга, хувцас гээд юун дээр ч хэвлэх боломжтой. Ингэснээр бүтээлээ зарж борлуулах боломж үүсдэг байна. Түүнчлэн энэ нь тухайн хүүхдийн брэндинг, старт-апын эхлэл ч болох боломжтой юм.
Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар хүүхэд багачуудыг технологид дур сонирхолтой, ирээдүйд шинжлэх ухаан, инновац, технологийн шийдлээр улс эх орноо хөгжүүлэх, эх оронч иргэн болон төлөвшөөсэй гэж хүсэж байгаагаа, мөн цаашид инновац, технологийн ололт амжилтыг сурталчлан таниулсан олон арга хэмжээ зохион байгуулахаа онцоллоо.
Тус танин мэдэхүй, инновацын үзэсгэлэнгийн үеэр шинжлэх ухааны сонирхолтой туршилт, үзүүлбэрүүдийг танилцуулж, AR, VR технологийн гайхамшиг, виртуал ертөнц /Meta/-ийн гайхамшгийг мэдрүүлж байв. Түүнчлэн сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, Ангарагаас ирсэн аяган бялууг амтлах, е-спортын шилдэг багуудын тэмцээнийг газар дээрээс нь үзэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болж байгаа юм. Соёлын төв өргөөнд зохион байгуулж буй уг үзэсгэлэн өнөөдөр /2023.06.01/ 19:20 цаг хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )