Б.Одонтунгалаг: Орон нутгийн иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэхэд бодлогоор дэмжих нь үр дүн авчирна

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 06 сарын 08

Монголбанк, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг түгээх хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсантай холбогдуулан Монголбанкы Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай ярилцав.


Иргэд олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх ажилд орон нутгийг яагаад онцлох болсон бэ?

Олон улсын жишгээр үндэсний стратегийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь тухайн орны санхүүгийн зах зээлийн хөгжлийн түвшин, газар зүйн байрлал, хүн амын нягтаршил, тэдний хэрэгцээ шаардлага зэргээс хамааралтайгаар тодорхойлогддог. Тухайлбал, хөгжиж буй зарим орны хувьд санхүүгийн боловсролыг дээшлүүлэх стратегийн зорилго нь санхүүгийн зах зээлийг иргэдэд хүртээмжтэй болгоход чиглэдэг бол зарим нь хэрэглэгчдийг санхүүгийн шийдвэр гаргах чадавхтай болгох, хувьсаж өөрчлөгдөж байгаа нийгэм эдийн засгийн сорилтуудтай тулгарахад нь туслах зорилготой байдаг.

Олон улсын туршлагаас харахад олон төрлийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх стратегийг хэрэгжүүлдэг. Гэвч хэрэгжүүлэх нөөц бололцоо хязгаарлагдмал байдаг тул хамгийн үр нөлөө бүхий тэргүүлэх чиглэлүүдийг эхний ээлжинд сонгон хэрэгжүүлэх нь чухал юм. Монгол Улсын хувьд хөдөө орон нутгийн иргэд хот суурин газартай харьцуулахад алслагдсан, мэдээлэл авах боломж бага байдгаас өөрт тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн сонгох, санхүүгийн бусад үйл ажиллагаанд оролцох зэрэгт хүндрэлтэй тулгардаг. Мөн тэтгэврийн насанд хүрэх үедээ зориулж хуримтлал үүсгэх, зохистой санхүүгийн бүтээгдэхүүн сонгох талаар хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг малчдын мэдлэг дутмаг байна. Иймээс хөдөө орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг олгох тэргүүлэх чиглэлийг үндэсний стратегид тусгаж өгсөн.

Орон нутгийн иргэдийн санхүүгийн мэдлэгийг дэмжих чиглэлээр ямар ажлууд хийгдэх вэ?

Эхний ээлжинд орон нутгийн иргэдэд дутагдалтай байгаа, сайжруулах нэн шаардлагатай санхүүгийн мэдлэг, мэдээллийн талаар судалгаа хийж, цаашлаад орон нутаг дахь төрийн болон төрийн бус байгууллагын сүлжээг ашиглан орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг олгох юм. Тухайлбал, аймгийн засаг даргын Тамгын газар, Монголбанкны салбар, хэлтсүүд, арилжааны банкнуудын салбар, тооцооны төвүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудаар дамжуулан иргэдэд сургалтуудыг тогтмол хийх, санхүүгийн мэдлэгийг нь дээшлүүлэх чиглэлээр уулзалт зохион байгуулж, тухайн орон нутгийн захиргаа, холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран ажиллана. Мэдээж боловсрол олгож буй сургууль, МСҮТ, коллеж, их дээд сургуулийн салбаруудад төрийн бодлогоор дамжуулан сургалтын хөтөлбөрт нь санхүүгийн мэдлэг олгох агуулга багтаах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх нь үр дүн авчирна.

Хамтын ажиллагааны хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?

Монголбанкны зүгээс  Өмнөговь аймагт  2023 оны тавдугаар сарын 22-25-ны өдрүүдэд санхүүгийн мэдлэг олгох стратегийн хүрээнд Өмнөговь аймагт Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайванаар ахлуулсан баг бүрэлдэхүүн ажиллаад ирлээ. Дээрх өдрүүдэд “Санхүүгийн боловсрол-Орон нутгийн оролцоо” нээлттэй хэлэлцүүлгийг орон нутгийн засаг захиргааны удирдлагуудын түвшинд амжилттай зохион байгуулж, Монголбанк, Засаг даргын Тамгын газар хамтран "Орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг түгээх хамтын ажиллагааны санамж бичиг"-ийг байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр ч талууд тодорхой санал, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, санхүүгийн боловсролыг түгээж ажиллах чиглэлээр жишиг аймаг болох, үүнд орон нутаг дахь 22 ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт цахим болон танхимаар “ Бизнес судал хичээл”-ийг оруулж судлуулах, түншлэл буюу байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлууд багтсан. Мөн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэх сургалт амжилттай зохион байгуулж, Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, 15 сумын ерөнхий боловсролын сургууль, Насан туршийн боловсрол төвийн багш, төрийн байгууллагын ажилтан албан хаагч хамрагдаж, нийт 102 хүнийг бэлтгэлээ.Өмнөговь аймгийн тухайд Монгол Улсын хамгийн том газар нутагтай аймаг, нүүрс, зэс, алтны том ордуудтай, 73 мянган хүн амтай, уул уурхайг түшсэн аймаг бөгөөд уурхайд ээлжээр ажилладаг эцэг, эхтэй өрх гэр олон. Тиймээс тэдгээр өрхүүдийн онцлог байдлыг, тэр дундаа гэртээ үлдэж буй  “өрх толгойлсон” хүүхдүүдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх нөлөөллийн арга хэмжээнүүдийг хийж хэрэгжүүлэх нь чухал.

Аймаг орон нутагтай хамтран ажиллаж, тухайн нөхцөл, онцлогт нь тохируулж нөлөөллийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь гэж ойлголоо. Цаашид ямар үр дүн хүлээж байна вэ?

Өмнөговь аймгийн санаачлага, бодлогын түүчээ нь бусад аймгуудад сайн жишээ болох байх гэсэн хүлээлт байна. Мөн санхүүгийн мэдлэгийг орон нутагт илүү хүртээмжтэйгээр нэмэгдүүлэх жишиг загвар ч гарах байх. Учир нь аймаг, орон нутгийн иргэдийн санхүүгийн мэдлэг, ойлголт ямар түвшинд байгааг тогтоох суурь судалгаа хийгдэж, гарсан үр дүнд нь нийцсэн дунд хугацааны цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүний дараа дахин судалгаа хийгдэж байж үр дүнг бодитойгоор хэмжих боломж бүрдэнэ. Иймд дээрх загварыг бусад аймгууд өөрийн орон нутгийн онцлог байдалд тохируулан хэрэгжүүлэх, тодорхой бодлогоор дэмжих нь бодит үр дүнг авчирна гэсэн үг юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top