Аваар ослоос сэргийлэх цогц арга хэмжээ авна

2023 оны 07 сарын 04

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2023.07.04/ боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу дэд төвөөс цахимаар удирдан явуулсан юм. Тэрбээр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 16 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82.5 хувьтай байв. Тодруулбал, Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн хэрэгжилтийг хангаж, ажлын уялдааг сайжруулан, тулгамдсан асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэн ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд худалдан авах ажиллагааны хэрэгжилт 69 хувьтай байна. Мөн улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр он дамжин хэрэгжиж байгаа 740, 2023 онд шинээр хэрэгжиж байгаа 428, нийт 1168 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулж, гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавин ажиллаж байгаа юм.

Түүнчлэн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа авто зам, явган хүний замын засвар, шинэчлэл, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болон худалдаа үйлчилгээ гаргах зэрэг ажлууд эрчимжүүлж ажиллаж буй.

Дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд 14.1км авто зам, гурван гүүр баригдсан

Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлын явц, цаг үеийн нөхцөл байдлын талаар Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгжийн дарга Д.Авирмэд танилцууллаа.

Нийслэлийг олон төвт хот болгохоор хүн ам, эдийн засгийн нягтрал багатай гэр хорооллын зургаан байршлыг  дэд бүтэцжүүлж, хотын эдийн засгийг тэлэх шинэ орон зай, боломжийг бүрдүүлэх суурь нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж буй. Энэ хүрээнд Баянхошуу, Сэлбэ, Толгойт, Дамбадаржаа, Дэнжийн 1000, Шархад дэд төвүүдийн бүтээн байгуулалттай уялдуулан гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах төслүүд хэрэгжиж буй. Тодруулбал, Баянхошуу дэд төвд 3250,  Сэлбэ дэд төвд 2299, Толгойт дэд төвд 2259, Шархад дэд төвд 2232 орон сууцны төсөл хэрэгжиж байна.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгжийн дарга Д.Авирмэд:

-Дэд төвүүдийн бүтээн байгуулалтын хүрээнд 14.1 км авто зам, гурван гүүр баригдсан. Ингэснээр Баянхошууны эцсийн уулзвар, Жанцангийн авто зам, Долоон буудлын уулзвар, зуслангийн авто замын ачаалал ачаалал буурсан байна. Түүнчлэн 28 мвт дулааны станцыг барьж, Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаанд холбосон. Одоогоор Толгойт дэд төвд дутагдаж байгаа дулаан хангамжийн 11.6 гкал/ц техникийн нөхцөлийн шийдвэр гаргуулах, Дэнжийн 1000-ын дулааны станц барих зарим ажлын хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай зэрэг асуудал тулгамдаж байна хэмээлээ. Эдгээр бүтээн байгуулалтын эх үүсвэр, эдийн засгийн тооцооллыг нарийвчлан гаргаж танилцуулахыг Хотын дарга онцолсон.

“Манай хороо-Миний гудамж” аяны шилдгүүдийг аравдугаар сард тодруулна

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа ”Манай хороо - Миний гудамж 2023" оны аяны талаар танилцуулсан юм.

Тодруулбал, нийслэлийн иргэн, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, санал санаачилгаараа орчноо тохижуулан хотын хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй иргэдийн тоог нэмэгдүүлэх, ухамсарт, бүтээлч, соёлч хандлагыг сурталчлахаар тус аяныг зохион байгуулж буй. Энэ хүрээнд өнгөрсөн зургаадугаар сарын 5-наас аяныг олон нийтэд сурталчлах, түгээх ажлууд эхэлснийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа тэмдэглэв. Аяны хүрээнд шилдэг дүүрэг, шилдэг хороо /орон сууц/, шилдэг хороо /гэр хороолол/, шилдэг аж ахуйн нэгж, байгууллага, шилдэг СӨХ, шилдэг орон сууцны контор (төсөвт ба хувийн ОСК), хэрэглэгчдэд үйлчлэх  төв, шилдэг өрх /гэр хороолол/, шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага, ногоон байгууламжийн шилдэг аж ахуй нэгж байгууллагыг ирэх аравдугаар сарын эхээр шалгаруулна.

Авто замын үерийн усны шугам хоолой, сувгийг цэвэрлэнэ

Зөвлөгөөний үеэр Хотын дарга нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар асууж, холбогдох үүрэг чиглэл, даалгаврыг өгөв. Тухайлбал, аялал жуулчлалын улирал үргэлжилж буйтай холбогдуулан жуулчид, гаднын зочид, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллахыг сануулсан юм. Мөн урин дулааны улиралд хоол хүнсний худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдэд зөвлөн туслах, стандартын шаардлагыг хангуулахад анхаарахыг үүрэг болгов. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа явган болон дугуйн замын тохижилтын ажлыг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд нь дуусгах, үерийн далан сувгийн барилга, байгууламж, гуу жалга, авто замын үерийн усны шугам хоолой, сувгийг цэвэрлэж ус нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхийг онцолсон.  Баярын болон амралтын өдрүүдэд гарч болох болзошгүй аваар ослоос урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангуулах үүргийг холбогдох албаныханд өглөө.

35 иргэний амь насыг авран хамгаалав

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 2367 бүртгэгдсэн нь 14 хоногийн өмнөхтэй харьцуулахад 6.4 хувиар буурсан бол 1299 гэмт хэрэг бүртгэгджээ. Аялал жуулчлалын улиралтай холбогдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, гэмт хэргийн гаралтын түвшинг бууруулах, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд 150 оюутан цагдаа ажиллаж эхэлсэн байна. Түүнчлэн сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж буй.

Тээврийн Цагдаагийн албаны дэд бөгөөд Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт зохицуулалт хариуцсан дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Батболд:

-Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 180 цэгт Тээврийн цагдаагийн албаны 468 алба хаагч үүрэг гүйцэтгэж, нийт 44 мянга гаруй зөрчил илрүүлж, арга хэмжээ авч ажиллалаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил нэмэгдсэн байна гэлээ.

Мөн хугацаанд нийслэлийн хэмжээнд гал түймрийн 48, аврах ажиллагааны зургаа, нийт 54 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэсэн байна. Тодруулбал, гал түймрийн утаажилтын бүсээс 69 иргэнийг гаргаж, 2,1 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалж, аврах ажиллагаагаар 35 иргэний амь насыг авран, ажиллажээ. Нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 940, аврах ажиллагааны 111, нийт 1051 удаагийн удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны дуудлагатай харьцуулахад 14.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал халдваргүйтгэл хийнэ

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өгсөн юм. Тодруулбал:

 

  • Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төслийн нэгжээс хэрэгжүүлж төслүүд ажлуудыг хэрэгжүүлэхэд дутагдаад байгаа хөрөнгийн эх үүсвэрээ тодорхой болгож, цаашид авч хэрэгжүүлэх шийдэл, саналаа боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.
  • “Монгол Улсын эдийн засгийн форум 2023” зохион байгуулах арга хэмжээний аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллах.
  • “Нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, инженер хангамжийн засвар, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.
  • Гамшиг ослын болон гол, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, авто замын барилга, байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, үерийн далан сувгийн засвар шинэчлэл, цэвэрлэгээний ажлуудаа эрчимжүүлж ажиллах.
  • Гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг зохион байгуулах.
  • Дүүргүүдийн нутаг дэвсгэрт улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн тохижилтын ажлуудыг дүүргүүдийн өмчид бүртгэж, эзэмшигч, ашиглагчийг тодорхой болгож, засвар, үйлчилгээ арчлалтыг хариуцан ажилладаг бодлого, чиглэл баримталж ажиллах.
  • Гэрэлтүүлэг болон хяналтын камеруудын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, танилцуулах.
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох байгууламжуудын засвар үйлчилгээ, стандартыг дагуу тохижилтын ажлыг чанартай гүйцэтгэж, дуусгах.
  • Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх.
  • Хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хүнсний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах урьдчилан сэргийлж ажиллах.
  • Баяр наадмын үеэр Хүй долоон худаг болон бусад газруудад үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн хөдөлгөөнт тоглоомуудын хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах.
  • Баярын өдрүүдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүр ажиллуулах.
  • Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах /Гадны орны жуулчдын аюулгүй байдлыг сайтар хангах/.
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулж, нийтийн тээврийн хэрэгслүүдийг батлагдсан чиглэлд түгжрэл сааталгүй зорчуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top