Хичээлийн шинэ жил эхлэх ачааллын үеэр автозамын түгжрэлийг бууруулах, автомашиныг дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцуулах тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамж гарсныг өнөөдөр /2023.08.22/ танилцууллаа.
Захирамжид,
ЗАХИРАМЖ:
2023 оны 08 сарын 17-ны өдөр
Дугаар А/940
Улаанбаатар хот
Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.12 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.11 дэх заалт, 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь заалт, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дор дурдсан байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосугай:
1.1.Автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоо (1,3,5,7,9)-оор төгссөн автомашиныг 2023 оны 08 дугаар сарын 27, 29, 31, 09 дүгээр сарын 02, 04, 06, 08, 10, 12, 14-ний өдрүүдэд, тэгш тоо (0,2,4,6,8) -оор төгссөн автомашиныг 2023 оны 08 дугаар сарын 26, 28, 30, 09 дүгээр сарын 01, 03, 05, 07, 09, 11, 13-ны өдрүүдэд, 08:00-20:00 цагийн хооронд тус тус замын хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (С.Баасанжав), “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ (С.Адъяасүрэн)-т;
1.2.Авто замын засвар, хот тохижилт, шугам сүлжээ, зөөврийн ус хангамж, дипломат байгууллагын автомашин болон зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, сургууль цэцэрлэгийн хүүхэд болон ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд энэ захирамжийн 1.1-д заасан зохицуулалт хамаарахгүй байхаар замын хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөн зохицуулалтын ажлыг зохион байгуулахыг Тээврийн цагдаагийн албаны, Замын цагдаагийн газар (С.Баасанжав), “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ (С.Адъяасүрэн)-т;
1.3.Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд “Сургууль, цэцэрлэг орчмын эргүүл”-д ажиллах эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилон явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулах арга хэмжээ авч, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар (О.Ганбат), Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (С.Баасанжав), Нийслэлийн Боловсролын газар (Б.Амартүвшин)-т;
1.4.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангаж, сургуулийн хүүхдийн автобусанд үзлэг, шалгалт хийх арга хэмжээ авахыг Тээврийн цагдаагийн албаны, Замын цагдаагийн газар (С.Баасанжав), Нийслэлийн Боловсролын газар (Б.Амартүвшин), Нийслэлийн Нийтийн тээврийн газар (С.Жавхлантбаатар) болон дүүргүүдийн Засаг дарга нарт даалгажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Тэнэг бөхийг хотын дарга болговол түгжрэлийг шийдэх биш иргэдээ хорихоос өөр арга олохгүй.