Шадивлангийн зуслангийн бүсэд 600 гаруй газрын зөрчил байна

2023 оны 08 сарын 23

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зуслангийн бүсийн 26 аманд дахин төлөвлөлт хийж эхэлсэн бөгөөд Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийн амынх бэлэн болжээ. Энэ хүрээнд тус алба Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай хамтран эхний ээлжид Шадивлангийн амны газар ашиглалтын байдлыг сайжруулж, жишиг ам болгохоор ажиллаж байна. Тодруулбал, ойн сан бүхий газрын орц, гарцыг шийдэж, явган аялах, авто машин саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм.

Учир нь зуслангийн бүсэд иргэд дур мэдэн кадастрын зургаасаа илүү хэмжээгээр хашаа татаж, орц, гарц хааснаас үүдэн зарим иргэд гэртээ орж чадахгүй байх, цаашлаад эмнэлгийн тусламж авах, түймэр гарлаа гэхэд онцгой байдлын машин явах боломжгүй нөхцөлийг үүсгээд удаж буй. Мөн зөвшөөрөлгүйгээр ойн сан бүхий газарт барилга байгууламж барих, хашаа, хайс татах асуудал ч ихээхэн байсан юм.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дүүрэг хариуцсан газар өмчлөлийн мэргэжилтэн Х.Хишигбадрах:

-Шадивлан зуслангийн бүсэд 2500 нэгж талбар байгаагаас 600 гаруй нь зөрчилтэй газар гэх тооцоолол гарсан. Манай хэлтсийн хариуцсан хэсэгт 33 зөрчлийг арилгахаар ажиллаж байгаа бөгөөд иргэдтэй зөвшилцсөний үндсэн дээр ой мод руу орсон гурван орц, гарцыг нээж, ойн сан бүхий газарт зөвшөөрөлгүй барьсан дөрвөн хашаа, хайсыг буулган, газрын зөвшөөрлийг хүчингүй болгоод байна. Иргэд ойн хамгаалалтын бүс буюу хамгийн захын модноос 50 метрийн зайд байрлах ёстой байдаг.

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны оршин суугч Д.Лхамжав:

-Манайх Шадивлангийн зуслангийн бүсэд буугаад долоон жил болж буй. Анх манай газрыг ойн сан бүхий газраас 50 метрийн зайд өгсөн юм. Гэтэл 2016 онд шинээр кадастрын зураг боловсруулаад манайхаас дээш дөрвөн айлд газар олгосон байсан. Би үүний эсрэг байр суурьтай байсан учир ойн сан бүхий газрыг хамгаалан хашаа татсаныг өнөөдөр буулган, орц гарц гаргаж, зөрчилтэй олгосон газрын гэрчилгээг хүчингүй болгож буйд баяртай байна. Ойн тухайн хуулийн дагуу л газар олгогдох ёстой юм.

Ташрамд, нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 26 амны зуслангийн бүсэд нийт 53,505 нэгж талбар бүртгэлтэй. Дээр дурдсан дөрвөн байршилд 2225 иргэн байнга, 18,711 иргэн түр оршин суудаг.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top