БНСУ дахь Монголын Соёлын элч асан Ким Гуан Шинд “Алтан гадас” одон гардууллаа

2023 оны 09 сарын 14

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНСУ дахь Монгол Улсын Соёлын элч асан Ким Гуан Шинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одон гардууллаа. Төрийн дээд одон шагналыг гадаадын иргэдэд Монголд оруулсан хувь нэмэр, хүндтэй үйлийг харгалзан олгодог болохыг тэрбээр шагнал гардуулах үеэр онцлов.

Улаанбаатар болон БНСУ-ын Намъянжү хот 1998 онд найрамдалт харилцаа тогтоож, Ким Гуан Шиний санаачилгаар 13 дугаар хорооллоос Нарантуул захын уулзвар хүртэл Намъянжүгийн гудамжийг үүсгэн байгуулжээ. Мөн тэрбээр БНСУ-ын Намъянжү хотод 20 гаруй жилийн өмнө Монгол соёлын хотхоныг байгуулсан бөгөөд тус хотхондоо Монголын соёл, урлагийн төвийг ажиллуулж, түрээсийн орлогыг монгол оюутнуудад тэтгэлэг болгон олгодог аж. Уг төв нь Монгол Улсыг сурталчлах зорилготой, монголчууд ажиллан, соёл, урлагийн үйл ажиллагаа явуулж, Үндэсний баяр наадмаа тэмдэглэдэг юм.

Ким Гуан Шин нь БНСУ дахь Монгол Улсын Өргөмжит элчээр таван жил, Соёлын элчээр найман жил ажилласан. Өдгөө БНСУ-ын “Сэнипанг” ХК-д ахлах зөвлөхөөр ажилладаг. Тус компани нь Ус сувгийн удирдах газар болон Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-тай Улаанбаатар хотын цэвэр усны шугам сүлжээг дэвшилтэт технологиор цэвэрлэх, ундны усны аюулгүй байдлыг хангах чиглэлд хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top