Монгол Улсын шүүхийн тухай хуульд бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутам зохион байгуулахаар заасны дагуу ээлжит хоёрдугаар чуулган өнөөдөр буюу есдүгээр сарын 28-ны өдөр эхэллээ.
Улсын дээд шүүхийн шүүгч, Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч М.Батсуурь чуулганыг нээсний дараа оролцогчид даргалагчаар Улсын дээд шүүхийн шүүгч Д.Батбаатарыг сонгов.
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг шүүгчдэд хандаж шүүх эрх мэдлийн өнөөгийн байдал, дараагийн III чуулган хүртэлх хугацаанд үр дүн гаргавал зохих зарим асуудлыг хөндөн үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийт шүүгчид хандаж мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээндээ “Олон нийт шүүх эрх мэдлээс шударга ёс, ёс зүй, сахилга хариуцлагыг шаарддаг. Хуулийг алагчлалгүй нэг мөр хэрэглэх, хэргийг түргэн шуурхай шийдвэрлэхийг олон нийт хүсэж байна. Шүүгч Та албаны нэр хүндээ ямагт өндөрт өргөж, ёс зүй, хууль журмыг чанд мөрдөж, нийгэмд шударга ёсыг тогтоох ариун үйлсийг манлайлах эрхэм үүргээ ухамсарлан ажиллана гэдэгт итгэл төгс байна” гэжээ. Шүүх байгуулах тухай болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүд нь иргэдэд хүртээмжтэй, шүүгчийн мэргэших боломжийг дэмжсэн, иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгааг хангасан байх шаардлагыг нэн тэргүүнд тавьсан байх шаардлагатайг Ерөнхийлөгч мөн онцолсон байна.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр хэлсэн үгэндээ Шүүхийн тухай хуулиар шүүгчдэд дотоод ардчилал, шүүхийн хараат бус байдлыг хангах эрхийг өгсөн гэдгийг онцлоод шүүх эрх мэдлийн бие даасан байдалд халдаж байгаа үйл явдалд Шүүхийн ерөнхий зөвлөл дуу хоолойгоо хүргэж, манлайлж ажиллахыг хүссэн юм.
Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар Нийт шүүгчийн чуулган нь Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны тайланг сонсох, хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг Улсын дээд шүүхэд уламжлах, хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг батлах, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг хэлэлцдэг. Энэ дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн тайланг танилцууллаа.
Мөн Шүүхийн сахилгын хорооны тайланг тус хорооны дарга Х.Хашбаатар танилцуулсан юм. Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны тайлантай танилцсаны дараа Нийт шүүгчийн чуулганы дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж батлав.
Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар баталсан “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хэлэлцсэн юм. Санамсаргүй аргаар хэрэг хуваарилах процессыг сайжруулах, давж заалдах шатнаас буцсан хэргийг хуваарилах болон бүрэлдэхүүний шүүгчийг санамсаргүй аргаар сонгоход программ ашиглах асуудлыг хэлэлцэж, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоол баталлаа.
Энэ удаагийн чуулганд бүх шатны шүүхийн 438 шүүгч оролцож байна.
Сэтгэгдэл ( 0 )