Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс автобусны хэрэгт холбогдсон БНСУ-ын хоёр иргэнийг нэг сар цагдан хорих шийдвэр гаргажээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд оролцохдоо нэр бүхий хүмүүстэй үйлдлээрээ санаатай нэгдэн, уг хэрэгт хамжигчаар хамтран оролцон ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Лий Жунг Сууб /Lee Jung Seob/, Ким Киабаум /Kim Keabaum/ нарыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул прокурорын саналыг үндэслэлтэй гэж дүгнэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Сануулахад, өнгөрөгч амралтын өдөр Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг байгуулагдаж, нийтийн тээврийн автобустай холбоотой асуудлыг шалгаж эхэлсэн. Улмаар "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг, компанийн дэд захирал Ж.Эрдэнэбат, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарын дөрвөн хүнийг саатуулж, нэг сарын хугацаатай цагдан хориод байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )