"Ногоон автобус"-ны хэргийн шүүх хурал ДАХИН ХОЙШИЛЛОО

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 11 сарын 07

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Ногоон автобусны” гэх тодотголтой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж8 шүүхэд шилжүүлсэн. Энэ хэргийн шүүх хурал өчигдөр /2024.11.06/ болж шүүгдэгч нарын өмгөөлөгч нарыг зүгээс гаргасан хүсэлтийн дагуу ирэх сарын 4-ний өдөр хүртэл хойшлуулж, шийдвэрлэлээ.

Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302006440349 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэхэд,

Шүүгдэгч А.Чойжилсүрэнгийн өмгөөлөгч Д.Алтангэрэлээс “... Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж буй шүүх хуралдаан дуусаагүй үргэлжилж байгаа тул өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг, Шүүгдэгч Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Б.Батцэнгэлээс “...Ч.Мөнхбаярын өмгөөлөгчөөр оролцохоор эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өнөөдөр байгууллаа. Миний бие 2024 оны 1 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал товлогдсон байх тул хэргийн материалтай танилцах шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтүүдийг тус тус ирүүлжээ.

Шүүх өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтүүдийг судалж үзэхэд шүүгдэгч А.Чойжилсүрэнгийн өмгөөлөгч Д.Алтангэрэлээс гаргасан хүсэлтэд холбогдох нотлох баримтыг хавсаргаж ирүүлээгүй байх тул хүлээн авахаас татгалзаж харин Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Б.Батцэнгэлээс гаргасан хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авч Ч.Ганхуяг нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, дараагийн шүүх хуралдаан хүртэл нэр бүхий шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top