Алслагдсан хороодын иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө

2023 оны 10 сарын 09

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны хоёрдугаар сард  "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг, тус оны зургаадугаар сард нийслэлийн хэмжээнд "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр"-ийг баталсан. Ийнхүү уг хөтөлбөрийн хүрээнд  НЗДТГ, Монголын хуульчдын холбоо хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулах Санамж бичиг байгуулсан юм. Санамж бичгийн хүрээнд 2018 оны зургаадугаар сараас эхлэн сар бүрийн гурав дахь долоо хоногийн гурав дахь өдөр Нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч эхэлсэн. Тэгвэл өнөөдөр нийслэлийн найман дүүргийн алслагдсан 31 хорооны иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгууллаа.

Тодруулбал,

  • Багануур дүүргийн 2 дугаар хороо
  • Налайх дүүргийн 5, 6 дугаар хороо
  • Багахангай дүүргийн 1, 2 дугаар хороо
  • Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо
  • Хан-Уул дүүргийн 9, 12, 13, 14 дүгээр хороо
  • Чингэлтэй дүүргийн 20, 21, 22, 23, 24 дүгээр хороо
  • Сүхбаатар дүүргийн 15, 16, 17, 18, 19, 20 дугаар хороо
  • Баяyзүрх дүүргийн 9, 11, 20, 27, 28, 29, 33, 34, 35 дугаар хороонд нийт 56 хуульч, өмгөөлөгч ажиллан, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөв.

11:00-16:00 цагийн хооронд зохион байгуулсан тус өдөрлөгт 500 орчим иргэн хамрагдан, хууль, эрх зүйн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй авлаа. Тус хороодын иргэдэд өдөрлөгийн талаарх мэдээллийг дүүрэг, хороо, хэсгийн ахлагч болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэсэн байна.

Энэ талаар Монголын хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхсайхан “Миний хувьд өнөөдөр Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд ажиллалаа. Иргэдийн хувьд гэр бүлийн маргаан, газрын маргаан, зээлийн гэрээтэй холбоотой маргаан, хүүхдийн асрамж, тэтгэмж тогтоох зэрэг асуудлаар түлхүү зөвлөгөө хүсэж байна. Энэ удаад алслагдсан хороодын иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа бөгөөд сар бүрийн гурав дахь долоо хоногт зохион байгуулдаг уламжлалт өдөрлөгөө давхар зохион байгуулна” гэв.

Өмгөөлөгчдөөс хуулийн зөвлөгөө мэдээлэл авсан иргэд “Алслагдмал, хотын төвөөс хол амьдардаг биднийг зорин ирж, зөвлөгөө мэдээллээр хангасанд баяртай байна. Ер нь хуулийн зөвлөгөө авах шаардлага тулгарахад хаана, яаж хандахаа мэддэггүй. Тиймээс энэ төрлийн өдөрлөгийг тогтмол зохион байгуулж байгаасай” хэмээлээ.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top