Урт цагааны барилгын төлөвлөлтөд 3000 гаруй хүн саналаа өгөөд байна

2023 оны 11 сарын 08

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар арваннэгдүгээр сарын 3-наас иргэдээс санал авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 3262 хүн саналаа өгснөөс 3122 нь буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн бол үлдсэн нь дахин төлөвлөж барилга барих санал өгчээ.

Иргэд та бүхэн www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон  https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар  нэвтэрч “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон арваннэгдүгээр сарын 10-ныг дуустал санал өгөх боломжтой. Цаашид Улаанбаатар хотын төлөвлөлтийн алдааг засах, түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, Хотын дүрэм, стандартын талаар нийслэлийн иргэдээс тогтмол санал авдаг болох юм.

Ташрамд дурдахад, мэргэжлийн байгууллагууд Урт цагааны барилга нь холбогдох хууль тогтоомж, стандарт, норм дүрмийг зөрчсөн нь болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учирч болох эрсдэлтэй гэж 2011-2019 оны хооронд найман удаагийн дүгнэлт гаргасан байдаг.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top