Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголбанк, Монголын байгаль хамгаалах газар, Швейцарын Хөгжлийн агентлаг хамтран өнөөдөр /2023.12.12/ “Уур амьсгалын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх нь” сэдэвт бодлогын хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монгол Улсын Ерөнхий сайдын Гадаад бодлого болон ногоон хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх М.Бадамлянхуа нар үг хэлэв.
Монгол орны хувьд сүүлийн 80 жилийн хугацаанд агаарын дундаж температур дэлхийн дунджаас даруй 2 дахин өндөр буюу 2.25 градусаар нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтөд өртөх эрсдэлтэй орнуудын нэг болоод байна. Иймд дэлхий нийтийн уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй үүрэг, амлалтад Монгол Улс хувь нэмрээ оруулах зайлшгүй шаардлага үүсээд байна. Энэ утгаараа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төр, засгийн байгууллагууд хувийн хэвшил нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг хэлэлцүүлгийн үеэр оролцогчид онцолж байв.
Хэлэлцүүлгийн хүрээнд тогтвортой санхүүгийн үндэсний замын зургийн хэрэгжилт, уур амьсгалын санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид санхүүжилтийн хүрээг сайжруулах чиглэлээр хийж буй ажлууд, нүүрстөрөгчийн татварын олон улсын туршлага, банкны салбарын ногоон таксономи, ногоон санхүүжилт, ногоон зээлийн хүрээнд тулгамдаж буй асуудал зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Монголбанкны хувьд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлд ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах, их өгөгдөлд суурилсан нэгдсэн системийг хөгжүүлэхээр тусгасан. Энэ нь ногоон хөгжлийн зорилтуудыг хангах, “Тогтвортой санхүүжилтийн замын зураг”-т тусгагдсан банкны салбарын ногоон зээлийн багцыг 10 хувьд хүргэх зорилтыг хангахад чухал нөлөө үзүүлэх юм.
Сэтгэгдэл ( 1 )
Odoo nuursnees tatagalzaj orchin ueiin debshild hureh tsag ni iresen shuu