Шинэ автобуснуудыг хилээр орж ирэхээс өмнө урьдчилсан хяналт, шалгалт хийнэ

2023 оны 12 сарын 16

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх Нийтийн тээврийн автобус нийлүүлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад таван оролцогч материал ирүүлсэн. Эдгээрээс шаардлагад нийцсэн материал ирүүлсэн нэг оролцогч болох Yutong Bus Co.,Ltd шалгарсан юм. Энэ хүрээнд НЗДТГ болон Yutong Bus Co.,Ltd хооронд (2023.12.15) албан ёсоор гэрээ байгууллаа. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл өгөв.

Гэрээний дагуу ирэх оны нэгдүгээр сарын 31-н гэхэд 600 автобус нийлүүлсэн байх бөгөөд 50 автобус үйлдвэрлэх тутамд хилээр орж ирэхээс нь өмнө урьдчилсан хяналт, шалгалт хийх юм. Энэ хүртэлх эрсдэл, зардлыг үйлдвэрлэгч хариуцах аж. Автобуснуудын баталгаат хугацаа 24 сар байх бөгөөд ашиглалтын арван жилийн хугацаанд үйлдвэрлэгчийн зүгээс найдвартай сэлбэг хэрэгслээр хангах үүрэг хүлээж буй.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг:

-Автобусны хүртээмж, зохион байгуулалт хангалтгүйн улмаас иргэд автобус удаан хүлээх, багтахгүй байх асуудлууд бий. Үүнийг богино хугацаанд шийдвэрлэхээр ажиллах болно. Иргэдийн зүгээс автобус тухтай, хүрэлцээтэй бол хувийн машинаар зорчих шаардлагагүй гэдгийг хэлж байгаа. Тиймээс тендер зарлахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, хүүхэд багачууд зорчих боломжтой байхаас эхлээд бусад стандартыг хангасан байх шаардлагыг тусгасан. Түүнчлэн нийтийн тээврийн маршрутыг зөв төлөвлөж, төлбөрийн системийг шинэчлэхээр ажиллаж байна хэмээлээ.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Он гарахаас өмнө шинэ автобуснуудыг оруулж ирэн, үйлчилгээнд гаргах боломжтой юу?

-Тендер сонгон шалгаруулалтаас хойш гэрээний хэсгүүдийг хянах, хуваариудыг нарийн тохиролцох зэрэг яриа хэлэлцээр үргэлжилсэн учраас гэрээ байгуулах хүртэл багагүй хугацаа орсон. Энэ онд багтаан 100 хүртэлх автобусыг авахаар төлөвлөж байгаа. Автобусыг үйлчилгээнд гаргахын өмнө төлбөрийн систем суурилуулах, даатгалд хамрагдах гэх мэт дагалдах ажлуудыг хийх шаардлагатай. Үүнийг аль болох богино хугацаанд гүйцэтгэхээр ажиллаж байна. Мөн хоёрдугаар сарын 1-н гэхэд бүх автобусыг нийлүүлсэн байхтай холбоотойгоор төлбөрийн системийг шийдэх, зогсоолыг нэмэгдүүлэх, чиглэлүүдийг зөв төлөвлөж, хуваарилах ажлуудыг хийнэ.

-Орж ирсэн автобуснуудыг хаана байршуулах вэ. Дулаан зогсоол бий юу?

-“Тэнүүн-Огоо” ХХК-ийн улмаас нийслэл, улсын төсөвт учирсан хохирлыг барагдуулахад Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас тус компанийн үл хөдлөх хөрөнгийг санал болгосон. АТГ-аас сонгон шалгаруулсан компани тэдгээрийг үнэлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, үнэлгээг баталгаажуулсны дараагаар “Тэнүүн-Огоо” ХХК-ийн объектуудыг авахаар шийдвэрлэсэн. Ногоон автобуснуудыг нийслэл авахгүй, зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээнд холбогдох объектуудыг авч, ашиглана.

-Шинээр оруулж ирэх автобуснуудыг хэрхэн хуваарилж, үйлчилгээнд явуулах вэ?

-Нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзсан. Өмнө нь компаниуд шинээр орж ирсэн автобуснуудыг нэр дээрээ авсан ч төлбөр, хураамжаа төлдөггүй байсан. Энэ алдааг дахин давтахгүй. Тиймээс шинэ автобуснуудыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн өмчлөлд бүртгэн, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшлийн компаниудад түрээс, зээлээр олгох зохицуулалт хийнэ. Татвар төлөгчдийн мөнгөөр авсан автобуснуудыг нийтийн тээврийн компаниудад зүгээр хуваарилаад өгч болохгүй.

-Автобус хүлээх хугацаа маш урт байна. Тэгэхээр авто замын нэгдүгээр эгнээг нийтийн тээвэр зорчиход зориулан чөлөөлөх чиглэлээр ямар шийдэл боловсруулж байна вэ?

-Энхтайваны, Наадамчдын зэрэг гол өргөн чөлөөнүүдийн нэгдүгээр эгнээг автобус зорчиход зориулан бүрэн чөлөөлөх асуудлыг судалж байна. Үүнтэй холбоотойгоор нэгдүгээр эгнээ дагуух авто зогсоолын менежменттэй холбогдох шийдлүүд гарна. Тухайн зогсоолуудад хүргэлтийн бараа буух гэх мэт хэрэгцээ, шаардлага бий. Тиймээс зогсоолуудыг буулгах гэхээс илүү дүрмийн зохистой зохицуулалт хийж, оргил цагаар автобус болон такси зорчигч хүлээх зорилгоор түр зогсох, шөнийн цагаар ачаа бараа буух боломжтой байхаар хөгжүүлэхээр төлөвлөж байна. Бусад шийдлийг албан ёсны шийдвэр гарсны дараа танилцуулах болно.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top