Дулаан, уур үйлдвэрлэгчдийн нүүрсний хэрэглээг халж, технологийн шилжилт хийнэ

2024 оны 02 сарын 23

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан өнөөдөр /2024.02.23/ боллоо. Хуралдаанд Улаанбаатар хотын Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг танилцууллаа. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад PM10 тоосонцор 5, хүхэрлэг хий 10 хувиар буурсан, PM2.5 тоосонцор 4, азотын давхар исэл 11 хувиар тус тус өссөн байна. Азотын давхар исэл нь автомашины яндангаас гарч буй утаанд агуулагддаг аж.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо /ОББҮХ/-ны чиг үүрэг, үйл ажиллагааг нийслэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн зүгээс 2024 онд агаар орчны бохирдлыг бууруулах  төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулаад байгаа юм. Энэ хүрээнд:

 

  • ОББҮХ-ны 2021-2023 онд он дамжсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх

 

  • Алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулах

 

  • Усан халаалтын зууханд техникийн шинэчлэл хийх

 

  • Сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэх

 

  • Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дотоод орчны бохирдлыг бууруулах

 

  • Орчны агаарын чанарын хяналт шинжилгээний тоног төхөөрөмжийг шинэчлэх

 

  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр иргэд, олон нийтэд сургалт сурталчилгаа зохион байгуулах гэсэн ажлуудыг төлөвлөөд байна. Чиг үүрэг шилжсэн ч төсөв хөрөнгө БОАЖЯ-нд төвлөрч буй тул нийслэлийн зүгээс тус яаманд үйл ажиллагааны төлөвлөгөөний саналаа хүргүүлэн, хамтарч ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг онцлов.

Улаанбаатар хотод 297 халаалтын зуух ажиллаж байгаагаас 174 нь тусгай зөвшөөрөлтэй буюу шигшсэн нүүрс хэрэглэдэг. Энэ нь агаарын бохирдлыг үүсгэгч хүчин зүйлсийн нэг болж буй тул дулаан, уур үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн шигшсэн нүүрсний хэрэглээг халж, технологийн шилжилт, шинэчлэл хийхээр ажиллаж байгаа юм. Ингэснээр жилд тоосонцор 749.5 тонн, хүхэрлэг хий 610 тонн, азотын исэл 199 тонн, нүүрстөрөгчийн дутуу исэл 2153.8 тонноор тус тус буурах тооцоо гарчээ. Түүнчлэн агаарын чанарыг сайжруулах бүсийг энэ онд шинэчлэн тогтоох, бүсэд мөрдөх журмыг батлуулахаар бэлтгэж байгаа юм.

Нийслэлийн иргэдийн эрчим хүчний найдвартай хэрэглээг хангах шаардлагатай байгаа тул НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх төслийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр тухайн өрхийн эрчим хүчний хэрэглээ 70 хувиар буурсан дүн гарсан байна. Уг төслийг 75-100 айлд хэрэгжүүлэхээр төлөвлөж, гэр хорооллын айл өрхүүдийн янданг буулгаж, цэвэр эрчим хүчний хэрэглээнд шилжүүлж байгаа юм. Улмаар айл өрхийн агаарт ялгаруулах бохирдол буюу хүлэмжийн хийг бууруулсан хэмжээг тооцуулан, олон улсад арилжиж, тухайн өрхөд нэмэлт орлого болгох боломжийг судалж байна.

Агаар, орчны бохирдлыг бууруулах шийдлүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд гэр, байшин сууцны дулаан алдагдлыг бууруулах шаардлагатай байдаг аж. Иймд өнгөрсөн оноос эхлэн Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас төрийн бус байгууллагуудтай хамтран дулаан алдагдлыг бууруулах хямд, хялбар шийдэл, боломжуудыг иргэд, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Гэр, байшин сууцыг дулаалснаар эрчим хүчийг 40-50 хувь хүртэл хэмнэх боломжтой юм. Мөн угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын гэр хорооллын 100 мянга гаруй айл өрхөд зөв галлах, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг шалгах, угаарын хийн хордлогын шинж тэмдэг, авах арга хэмжээний талаар зөвлөмж, мэдээллийг хүргээд байна.

Сэлбэ, Баянхошуу дэд төвд түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулахаар төлөвлөсөн. Уг ажлын хүрээнд зураг төсөл, газар чөлөөлөлтийн үнэлгээ хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар ажиллаж байна. Ингэхдээ нийслэлээс олон улсын бонд гаргаж санхүүжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдээд байна. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дотоод орчны бохирдлыг бууруулах зорилгоор цонхонд нь шүүлтүүр хийх ажлыг энэ онд үргэлжлүүлэх юм. Тодруулбал, агаарын чанарыг сайжруулах бүсэд байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн цонхонд нийт 23 мянга гаруй шүүлтүүр суурилуулахаар төлөвлөөд буй.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top