Энэтхэг улс дэлхийн хамгийн том сонгууль явуулахаар бэлтгэж буй энэ үед улс төрийн намууд сонгогчдын саналыг өөртөө татах зорилгоор нийгмийн сүлжээний инфлюсер болон WhatsApp зэрэг аппликэшныг илүү сонгох болжээ.
Энэтхэгийн парламентын Лок сабха буюу доод танхимын сонгуулийн санал хураалт дөрөвдүгээр сарын 19-өөс зургаадугаар сарын 1-ний хооронд долоон үе шаттай явна.
Намууд хэрхэн сонгогчдыг татаж байна вэ?
Бхаратиа Жаната нам /BJP/ Ерөнхий сайд Нарендра Модигийн мэндчилгээг WhatsApp сүлжээгээр илгээж байна. Тус улсад энэ сүлжээг 500 сая гаруй хүн идэвхтэй хэрэглэдэг. Рахуль Гандигийн нам мөн WhatsApp сүлжээг ашиглан сонгогчидтойгоо шууд харилцаж байна.
Сонгуулийн ажиглагч Амитабх Тиваригийн хэлснээр, “Meta” компани улс төрийн пэйжүүдийн сурталчилгаанд хязгаарлалт тавьж байгаа тул Facebook платформыг сурталчилгаанд ашиглах нь багассан байна.
Цар тахлын дараах сошиал сүлжээ
Ковидын цар тахал дэгдсэнээс хойш сошиал сүлжээг мэдээллийн хэрэгсэл болгон ашиглаж буй арга хэлбэр ихээхэн өөрчлөгджээ.
Улс төрийн ихэнх намууд сонгуулийн сурталчилгааны стратегидаа цахим платформыг нэгдүгээрт тавих болсон байна.
Үүнээс гадна сошиал инфлюсерүүдийн тусламжтай намууд “хөвөгч” сонгогчдод нөлөөлөхийг оролдож байна гэж ажиглагчид онцолсон байна.
Залуу сонгогчдын татахын тулд улстөрчид сүүлийн саруудад инфлюсерүүдийн YouTube сувгаар үзэгдэх нь олширчээ. Тухайлбал, BJP намын удирдлагууд долоон сая дагагчтай Ранвир Аллахабадиагийн подкаст ярилцлагад оролцож байгаа бол Энэтхэгийн Үндэсний Конгресс намын тэргүүн Рахуль Ганди хоол, аяллын видео подкаст “Curly Tales” шоуны зочин болоод байна. Х сүлжээний хувьд, Рахуль Ганди 2015 онд тус сүлжээнд нэгдэж, өдгөө 25.1 сая дагагчтай болоод байгаа бол 2019 онд Х сүлжээний идэвхтэй хэрэглэгч болсон Нарендра Моди 96.3 сая дагагчтай.
Сошиал сүлжээ санал хураалтад хэрхэн нөлөөлөх вэ
Энэтхэгт сонгуулийн сурталчилгааны 40 хувь интернэтээр явж байгаа гэсэн статистик бий. Үүнээс үзвэл цахим хэрэгслээр дамжуулан нэгт тойрогт 70-80 мянган сонгогчид нөлөөлөх боломжтой гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ сошиалсүлжээнд эргэлзэх судлаачид ч бий. Шинжээч Чамби Пураникийн үзэж буйгаар, сошиал сүлжээгээр явуулах сонгуулийн сурталчилгаа хуучинсаг үзэлтэй сонгогчид болон тухайн намын үнэнч дэмжигчдийн саналыг урвуулж чадахгүй.
Сонгууль ойртохын хэрээр кастын систем болон аль муж, орон нутгийн оршин суугч болох зэрэг хүчин зүйлс хуучинсаг үзэлтэй сонгогчдод улам бүр нөлөөлж байна.
Сонгуулийн сурталчилгаанд хэдий хэр мөнгө зарцуулж байгаа нь сонгуулийн санал хураалтын үр дүнд нөлөөлж чадахгүй гэж шинжээч Амитабх Тивари үзэж байна.
Намын нэр хүнд, дэвшүүлж буй асуудал зэрэг хүчин зүйлс нь сонгогчдын хийх сонголтод нөлөөлөхүйц ач холбогдолтой гэж Тивари онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )