"Глоб Интернэшнл" төв нь 2024 оны УИХ-ын сонгуулийг угтан “Сонгууль ба хэвлэл мэдээлэл” сэдэвт редакцын сургалтыг “Ийгл ньюс” болон "Эрхэт Монгол" медиа группийн харьяа “ТВ8” телевизийн байранд зохион байгууллаа.
Сургалтын үндсэн зорилго нь 2024 оны УИХ-ын сонгуулийн үед хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүргийг сайжруулах, сэтгүүлчид аюулгүй байдлаа ханган ажиллаж, үнэн зөв, бодитой мэдээллийг олон нийтэд хүргэх замаар ардчилсан, шударга сонгууль зохион байгуулахад хувь нэмэр оруулах юм.
Нийт 55 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан оролцсон тус сургалтыг "Глоб Интернэшнл" төвийн Гүйцэтгэх захирал Б.Онон, УЗ-ийн гишүүн, хуульч, судлаач Л.Галбаатар нар удирдан зохион байгуулав.
Сургалтаар ардчилсан сонгууль яагаад хэрэгтэй эсэх, сэтгүүлчдийн аюулгүй байдал, хиймэл оюун ухааны хэрэглээ сонгуулийн үр дүнд хэрхэн нөлөөлөх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хуулийн хүрээнд сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхэд юунд анхаарах вэ зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгөв.
"Эрхэт Монгол” медиа группийн хувьд сар тутамд нийгэмд хүлээлт болсон нэг сэдвийг сонгон, тухайн сэдвийн хүрээнд олон талын эх сурвалжтай, тэнцвэртэй, асуудал дэвшүүлсэн, шийдэл хайсан мэдээ, сурвалжилга бэлтгэх зорилготой “Нэг сэдэв – Нэг сар” нөлөөллийн мэдээллийн хөтөлбөрийг бэлтгэн хүргэдэг.
Энэ хүрээндээ медиа группийн харьяа TВ8 телевиз, өдөр тутмын “Өглөөний сонин”, мэдээллийн Zindaa.mn сайтын редакц хамтран гуравдугаар сард “Сонгууль ба Хэвлэл мэдээлэл” (Election & Media) сэдвийг онцлон, УИХ-ын сонгуультай холбоотой сонгогчдын боловсрол, Сонгуулийн хуулийн хэрэгжилт, зөрчил, сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн редакциуд хэрхэн ажиллах тухай хийгээд парламентын сонгуулийг чиглэсэн иргэд, нийгмийн хүлээлт, шаардлага, саналыг өргөн хүрээнд хөндөж, сэдвийн мэдээ, сурвалжилга, ярилцлагыг бэлтгэн хүргэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Хэвлэл мэдээллийнхэн шудрага ажиллавал сонгууль шударга болж монголчуудын хүсэн хүлээсэн үр дүн гарна, эх орныхоо төлөө сонгуулиа өгцгөөе.