Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш, доктор Ц.Оюунтунгалагтай ярилцлаа.
-Бид өнөөдөр уламжлалт болон цахим сэтгүүл зүйн сорилт, боломжуудын тухай их ярих болсон. Тэгвэл шинэ тутам тулгамдаж буй бэрхшээлүүдийг судлаачид юу гэж үзэж байна вэ?
-Бид уламжлалт хэвлэл, мэдээлэл гэж ярьдаг. Тэр нь радио, сонин, сэтгүүл, телевизийн тухай хэлэлцүүлэг болж өрнөдөг. Интернэт хөгжиж орж ирсэнтэй холбоотойгоор хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд аажим аажмаар цахим руу шингэж, алсуураа уусах үйл явц явагдсан. Одоо түгээмэл байгаа хандлага ямар байна вэ гэхээр нийт хэрэглэгчид бидний нэрлэж заншсанаар сошиал медиад байна.
Сошиал медиаг бид нийгмийн хэвлэл, мэдээллийн сүлжээ гэж нэрлээд байгаа. Энэ бол зөвхөн харилцааны хэрэгсэл биш, мэдээлэл авах шинэ эх сурвалж юм байна гэсэн хандлага манайд тогточихоод байгаа.
Манай улс хүн амынхаа тооноос давсан ухаалаг утасны хэрэглэгчтэй. Нийтдээ таван сая ухаалаг утасны хэрэглэгч бүртгэгдсэн байдаг. Мөн 13-аас дээш насны хүн амын ихэнх хувь нь фэйсбүүкийн хэрэглэгч байгаад байна. Монголд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа нийгмийн сүлжээ нь фэйсбүүк байна гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөх хэмжээнд очжээ. Нийгмийн хэвлэл, мэдээллийн сүлжээгээр хүмүүс мэдээллээ авч заншиж байна. Түүнийг дагаад хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд ч гэсэн хийсэн бүтээснээ үзүүлэх, уншуулахын тулд сошиал медиа руу хандаж байна. Ер нь бол нийгмийн хэвлэл мэдээллийн сүлжээн дээр хэрэглэгчээ олж авахын төлөө хэвлэл, мэдээллийнхэн өрсөлдөж байна. Энэ нь нэг талдаа шинэ боломж боловч нөгөө талаас маш том хэмжээний сорилт гэж харж болно. Өөрөөр хэлбэл, бид ямар нэгэн бодлого, зохицуулалтгүйгээр “энд л хүмүүсийн дийлэнх байгаад байгаа учраас энд би байрших ёстой юм байна” гэсэн нэг тийм төлөвлөгөөгүй үйл явц явчихсан. Энд технологи, платформыг том концернууд, ай ти компаниуд бий болгоод, хөрөнгө оруулчихсан байгаа. Өөрөөр хэлбэл, тэнд платформ нь хангалттай байна. Харин бид тэнд хэрхэн байрших вэ гэдэг бодлого, төлөвлөлт байхгүйгээр явсан.
-Тухайлбал?
-Жишээ нь, нийгмийн хэвлэл, мэдээллийн сүлжээнд мэдээллээ хэрхэн түгээх вэ, контентоо хэрхэн нэгтгэх вэ, эсвэл яаж тараан байршуулах вэ гэдгийг бодлогын хэмжээнд авч үзэх шаардлагатай.
-Тэгвэл яг наадахаас чинь болж өнөөдөр хандалтын сэтгүүл зүй гэсэн нэршил гарсан. Тэгэхээр энэ нь сэтгүүл зүйд сөрөг нөлөө үзүүлж байна уу, эсвэл?
-Хандалтын сэтгүүл зүй гэдэг нэршил гарсан нь асуудлыг олон нийтийн анхааралд дуулиан шуугиантайгаар оруулж ирэх, аль болох олон үзэгч, хэрэглэгчид түүнийг хүргэх нь агуулгаасаа илүү чухал болчихсон. Тэгээд нэг хэсэг лайв бол мэдээлэл дамжуулах хамгийн шуурхай төрөл болж хувирсан.
Ер нь лайв өөрөө сэтгүүл зүйн төрөл мөн үү, биш үү гэдэг маргаан өрнөж байгаа. Үүнийг дагаад лайвтай холбоотойгоор ёс зүйн асуудлууд бас хөндөгдөж гарч ирдэг.
Тэгэхээр ёс зүйн хувьд лайвыг бид сэтгүүл зүйн бүтээлийн нэг төрөл гэж авч үзэх үү. Эсвэл мэдээлэл дамжуулж байгаа технологийн нэг арга хэрэгсэл гэж үзэх үү гэдэг асуудлууд ч бас тодорхойгүй явж ирсэн. Нэг үеэ бодвол харьцангуй цэгцрэх хандлага ажиглагдаж байна.
-Мэдээллийн чанар, аюулгүй байдал, үнэн бодит байхад сошиал медиа сөрөг нөлөө үзүүлж байгаа тал бий. Энэ ямар шаардлага тавигдаж байна вэ?
-Нийгмийн хэвлэл, мэдээллийн сүлжээнд худал мэдээлэл түгээх, хэрэглэгчийн боловсролын асуудал түлхүү тавигдаж байгаа. Энэ өргөн талбар, мэдээллийн хэт савалгаатай туйлшрал дээр хүмүүс боловсруулж амжихааргүй тийм их мэдээллийг хүлээж авч байна. Хүмүүс сошиал медиагийн энэ үйл явцын аль нь яг сэтгүүл зүйн үйл ажиллагаа юм бэ гэдгийг ялгаж салгаж чадахгүй хэмжээнд хүрсэн.Тиймээс сошиал дахь энэ савлалт, туйлшрал сэтгүүл зүйн нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг болсон. Энэ нь маш олон зүйл дээр сөргөөр нөлөөлж байгаа.
Өдөр тутмын сонин, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учирч байна. Сэтгүүлчдэд үл итгэх байдал бий болж байна.
Үндсэндээ уламжлалт, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд маань хэрэглэгчээ алдаж байгаа.
-Тэгэхээр хэвлэлүүд хэрэглэгчидтэйгээ яаж сайн харилцаа тогтоож чадах вэ?
-Мэдээж хэрэглэгчтэйгээ сайн харилцаа тогтоох шаардлагатай. Энэ үүднээс сошиал дахь платформыг бодлогын хэмжээнд авч үзэх хэрэгтэй болсон байна гэж харж байгаа. Хэрэглэгч өөрөө мэдээллийн суурь боловсролтой байх нь хэвлэл, мэдээлэлд их ээлтэй. Өнөөдрийн нэг гол сэдэв бол хэвлэл, мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг сэтгүүл зүй хэрхэн өөртөө ашигтайгаар ашиглах вэ. Хэрхэн нутагшуулах вэ гэдэг асуудлыг хөндөж ярьж байгаагаараа онцлогтой. Мэдээллийн суурь боловсролтой хэрэглэгч бол тухайн мэдээллийн аль нь чанартай юм бэ. Аль нь итгэж болох эх сурвалж вэ гэдгийг өөрөө таньж мэдэж чадна. Тэгэхгүйгээр хэрэглэгчид маань маш их хуурамч мэдээлэл дунд төөрөлдөж, мөн сүүлийн үед хиймэл оюун ухаанаар контент үйлдвэрлэдэг болсон учраас үнэн бодит байдлыг ялгахад саад бэрхшээл учирч эхэлж байна.
Иймд бид хэрэглэгчдэдээ ойртох, тэдэнтэйгээ дахин сайн харилцааг тогтоохын тулд хэрэглэгчийнхээ мэдээллийн суурь боловсролд анхаарах шаардлага бий болсон. Тэгэхээр ер нь бол ирээдүйн хэрэглэгчээ бэлтгэхээс ажлаа эхэлбэл үр дүнтэй. Яагаад гэвэл хүмүүс худал мэдээлэл байдаг гэдгийг мэддэг. Гэхдээ түүнийг шууд ялган таньж чаддаггүй. Яг өнөөдөр байгаа хэрэглэгчдийн бодит байдал ийм байгаа. Худал мэдээлэл нь үнэн мэдээллээсээ хэд дахин түгэн дэлгэрч байдаг. Хүмүүст итгүүлэн үнэмшүүлэх чадвар нь өндөр байдаг. Худал мэдээлэл нь цэцэг шиг гоё сайхан байгаад хүмүүс өнгөнд нь итгэж хууртаж хүлээж аваад байдаг. Худал мэдээллийг залруулахад үнэн мэдээлэл хэзээ ч түүнийг гүйцэхгүй хэмжээнд бид амьдарч байна шүү дээ. Тиймээс чанартай сэтгүүл зүйн үйл ажиллагаа хэрэглэгчийн энэ байдалд эерэг нөлөө үзүүлж чадна.
-Хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлчид мэдэх эрхийг хангахыг зорьж яваа. Яавал үйл ажиллагаагаа сайжруулах вэ гэдгийг л ахин давтан асуумаар байна?
-Сэтгүүл зүйг өргөн утгаар яривал ардчиллын гол баталгаа гэж үздэг. Ардчилалд хэлэлцүүлэг өрнөж байх ёстой. Олон янзын үзэл бодол байх ёстой. Түүний талаар олон нийт өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлж байх ёстой гэж үздэг. Тэгэхийн тулд Монгол Улсад МҮОНРТ–ийг байгуулаад 20 дахь жилтэйгээ золгож байна. Тэгсэн атал өнөөдөр бид иргэд, олон нийтийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллаж чадаж байна уу, үгүй юу. Үүний хамгийн том шалгуур нь МҮОНРТ дээр яригддаг. Үүний цаана иргэдийн мэдэх эрх баталгаажиж байдаг, олон янзын үзэл бодол уралдаж, соёлын олон янз байдал харагдаж байдаг томоохон жишээ нь МҮОНРТ юм. Энэ бол ардчилал байгаа газар байдаг бүтэц, зохион байгуулалт. Ардчилалгүй газар оронд олон нийтийн радио, телевизийн тухай ярих ямар ч боломжгүй. Тиймээс бид иргэдийн мэдэх эрхийн төлөө, үзэл бодлоо илэрхийлэх, эрх, эрх чөлөөнийх нь төлөө ажиллаж байна гэдэг бол Монгол дахь ардчиллын хамгийн том баталгаа нь хэвлэл, мэдээлэл юм гэж харж болно. Хамгийн гол нь түрүүнд хэлсэн, хариуцлагатай ажиллах, мэргэжлийн ёс зүйтэй байх. Ингэснээрээ бид чанартай мэдээ, мэдээлэл бэлтгэж хэрэглэгчдээ хүргэснээрээ сэтгүүл зүйд үүсээд байгаа байдал сайжирна.
-Та нэг сонин жишээ дурдсан. Европын орнууд уламжлалт хэвлэл, мэдээлэлдээ итгэсэн хэвээр байна гэсэн. Энэ юутай холбоотой вэ?
-Европын жишээг авч үзвэл, тэнд онцын том өөрчлөлт ороогүй, уламжлалт хэвлэл, мэдээлэлд итгэх хэрэглэгчийн итгэл өндөр байгаа. Энэ бол хэрэглэгчийн суурь боловсрол сайтай байгаатай холбоотой. Бид өөрсдөө нийгмийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээ дагаад шуурчихаар сэтгүүл зүйн байдал дордож буй нь ажиглагдаж байна. Үүнийг хэрхэн өөрчлөх вэ гэвэл хамгийн гол нь хариуцлагатай, ёс зүйтэй байж сэтгүүл зүйн чанартай контент үйлдвэрлэх. Ингэснээрээ бид бусад үйлдвэрлэгчээс ялгагдана. Бас нэг асуудал нь хэвлэл, мэдээллийн хэрэгсэл өмнө нь байгууллага дээр төвлөрдөг байсан бол одоо олон нийтийн оролцоон дээр төвлөрдөг болсон. Тиймээс маш олон төрлийн контентуудыг бид олон нийтийн оролцоонд түшиглэж хийх боломжтой. Хэрэв өөрсдөө сайн ажиглах юм бол бид нийгмийн мэдээллийн сүлжээнд контент бүтээлүүдээ яг байршуулаад байгаа боловч яг уламжлалт байдлаараа дагнасан, яг тэр хэлбэр, хийцээрээ нийлүүлээд байгаа. Тиймээс тэнд, нийгмийн хэвлэл, мэдээллийн сүлжээнд байгаа хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага өөр байгаад байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, платформуудын фанатууд нь өөр байгаад байна. Тэгэхээр платформуудынхаа форматад зориулж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх гэх юм уу, бодлогын чанартай асуудлууд энд шаардлагатай байгаад байгаа юм.
-“Хүүхдийн эрхийн мэдрэмжтэй сэтгүүл зүй” нөлөөллийн аяныг саяхан эхлүүлсэн. Энэ чиглэлд хэвлэл, мэдээллийн хувь нэмрийн тухай дурдахгүй юу?
-Хүүхдийн эрх нь насанд хүрэгчдийн туслалцаагүйгээр хэрэгжих боломжгүй байдаг юм байна. Хүүхэд эрхээ мэдэж байсан ч гэсэн тэр эрхээ эдлэхийн тулд заавал насанд хүрэгчийн дэмжлэг оролцоо шаардлагатай байдаг. Тиймээс хэвлэл, мэдээлэл өөрөө хүүхдэд хандах, олон нийтийн хандлагыг төлөвшүүлж байдаг юм байна. Тэр хандлага нь эерэг байх уу, сөрөг байх уу гээд. Өнөөдөр бид хүүхэдтэй холбоотой мэдээллийг хэрхэн яаж дамжуулж байна вэ гэхээр хүүхдэд хамгийн ээлгүй байдлаар дамжуулж байна. Дуулиан шуугиан болгож зарлаж цацдаг, сөрөг ойлголтуудын хүрээнд мэдээлэл дамжуулж түгээдэг. Энд ядуу айлын хүүхэд байна, энд гэмт хэрэг үйлдсэн хүүхэд байна гэх юм уу, эсвэл энд гэмт хэрэгтний хүүхэд байна гэх мэт сөрөг хэвшмэл хандлагуудаар ханддаг. Тиймээс хэвлэл, мэдээлэл хүүхдэд ээлтэй бодлогыг хэрэгжүүлснээрээ олон нийтийг эерэг хандлагатай болгоход чухал нөлөө үзүүлдэг. Хүүхэд хамгааллын маш олон субьектийг хуульчилж өгсөн байдаг. Асран хамгаалагч, багш, нийгмийн ажилтан гээд, хэвлэл, мэдээлэл бол хамгийн өргөн хүрээнд хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэх боломжтой.Иймд хэвлэл, мэдээлэл, редакцийн бодлогод хүүхэд хамгааллын бодлогыг хэрхэн оруулж ирэх вэ гэдэг асуудлыг сүүлийн үед идэвхтэй ярьж байна.
Сэтгэгдэл ( 0 )