Дайчин ахан дүүсийн үнэнч тангараг: 1936 оны гуравдугаар сарын 12-нд байгуулсан Зөвлөлт-Монголын Харилцан туслалцах тухай протоколд гарын үсэг зурсны 90 жилийн ой тохиож байна.
Дөрвөн зүйлтэй энэхүү Протоколын Оршил хэсэгт хоёр улсын хооронд 1934 оны 11 дүгээр сарын 27-нд хийсэн аман хэлэлцээг албан ёсоор баталгаажуулж буйг дурдаад, “...хоёр улсын нутаг дэвсгэрт гуравдахь улсын зүгээс довтлох заналхийлэл учирвал үүссэн нөхцөл байдлыг даруй хэлэлцэж, хамгаалах арга хэмжээг авах; бие биедээ харилцан тусламж, түүний дотор цэргийн тусламж үзүүлэх; дээр дурдсан үүргүүдийг биелүүлэхийн тулд нөгөө этгээдийн газар нутагт байгаа нэгэн этгээдийн цэргийг уул үүргээ гүйцэтгэсний дараагаар 1925 онд зөвлөлтийн цэргийг БНМАУ-ын нутгаас татсаны адилаар гаргах” үүргийг хоёр улс өөртөө авч, Протокол бичгийг 10 жилийн хугацаатай байгуулсан байна.
Японы Эзэнт гүрэн 1931 оноос эх газар руу чиглэсэн түрэмгийлэн тэлэх бодлого идэвхтэй явуулж эхэлсэн. Асар богино хугацаанд Манжуурын нутаг дэвсгэрт хяналтаа тогтоож, тэнд Чин улсын сүүлчийн Эзэн хаан Пу И-гийн тэргүүлсэн Манж-Го улсыг байгуулсан юм.
Энэ нь Японы милитаристуудын эх газарт хэрэгжүүлэх түрэмгий төлөвлөгөөний гол хэрэгсэл болж байв. Чин гүрний залгамж халаа хэмээн өөрийгөө тунхагласан Манж-Го улс нь олон ард түмэн, түүний дотор монголчууд амьдарч байсан газар нутгийг захирч байсан Чин улсын өв залгамжлагчийн байр сууринаас Монголын газар нутгийг эзлэхээр санаархаж байв.
Үүнтэй зэрэгцэн милитарист Япон Зөвлөлт Холбоот Улсад халдан довтлох боломжийг идэвхтэй эрэлхийлж эхэлсэн бөгөөд ЗХУ-ыг Зүүн Азид өөрийн хязгааргүй ноёрхлыг тогтооход саад болж буй сүүлчийн хүч хэмээн үзэж байв.
Үүний үр дүнд ЗХУ болон БНМАУ-ын эсрэг Япон-Манжийн өдөөн хатгалгууд аль хэдийнэ тогтворгүй байсан бүс нутагт шинэ бодит аюул занал болж хувирсан юм. Тухайлбал, 1936 оны хоёрдугаар сар гэхэд БНМАУ ба Манж-Гогийн хил дээр япончууд хоёр морин цэргийн бригад, танк, хуягт машин, их буугаар зэвсэглэсэн явган цэргийн батальоноос бүрдсэн морин цэргийн бүлгийг төвлөрүүлж, мөн Цицикарт байрлах нисэх хүчний хорооны зарим ангийг байлдааны бэлэн байдалд оруулсан байлаа.
Токиогийн боловсруулсан, Манж-Го улсын цэргийн хүрээнийхэн идэвхтэй дэмжиж байсан санаа нь Монголын газар нутаг дээр Манж-Го улсын загвараар “Монгол-Го” нэртэй өөр нэгэн тоглоомын улсыг байгуулах явдал байв.
Геополитикийн эдгээр өөрчлөлтийн эцсийн зорилго нь “Манж-Монголын нэгдсэн эзэнт гүрэн”-ийг байгуулах өөрөөр хэлбэл, Гадаад Монголыг дахин манжийн захирагчдын эрх мэдэлд оруулах явдал гэж үзэж байлаа. Энэ улс нь Японы эх газарт орших шинэ эзэмшил нутаг болох ёстой байсан юм.
Ийнхүү Зөвлөлтийн ард түмэн улсын хамгийн бага хамгаалалттай бүс нутгуудад чиглэсэн өргөн цар хүрээтэй довтолгооны аюул заналтай тулгарав. Үүнтэй зэрэгцэн олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэх, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байсан Монголын ард түмэн ч өмнө нь 200 гаруй жилийн турш байсан Манжийн дарлалд дахин орох аюултай шууд нүүр тулсан билээ.
Чухам ийм нөхцөл байдалд 1934 онд анх Зөвлөлт-Монголын хооронд аман хэлбэрээр хийсэн харилцан үүрэг амлалтуудаа бичгээр баталгаажуулж 1936 оны гуравдугаар сарын 12-нд гарын үсэг зурснаар ЗХУ ба БНМАУ-ын “Харилцан туслалцах тухай протокол” хэмээн түүхэнд үлдсэн баримт бичиг болон албажсан юм.
Протоколын хүрээнд талууд тэдний аль нэгэнд гуравдагч улсын түрэмгийлэл тохиолдсон үед бие биедээ туслалцаа үзүүлэх, үүний дотор цэргийн тусламж үзүүлэх үүргийг хүлээсэн юм.
Гэвч протокол байгуулсан даруйд түрэмгийлэгчдийн үйл ажиллагаа зогсоогүй бөгөөд гарын үсэг зурсан талуудаас хамтарсан хамгаалалтын ажиллагаа явуулах шаардлагатай болсон. 1936 оны гуравдугаар сарын 31-нд Зөвлөлт-Монголын цэргүүд Монгол-Манжийн хилээр нэвтэрч, БНМАУ-ын зүүн бүс нутгийг хянах стратегийн чухал цэг болох Тамсагбулагийн чиглэлд давшиж байсан 1500 орчим хүний бүрэлдэхүүнтэй Япон-Манжийн отрядыг бут цохив.
Зөвлөлт-Монголын цэргүүдийн энэхүү амжилт болон Харилцан туслалцах протоколд гарын үсэг зурсан явдал нь Япон- Манжийн цэргийн БНМАУ-д халдан довтлох оролдлогуудыг түр хугацаанд зогсоож, Бүгд Найрамдах Улсын батлан хамгаалах чадавхийг мэдэгдэхүйц өсгөж бэхжүүлэх боломжийг олгосон юм.
Ийнхүү 1936 оны Протокол нь Улаан Арми болон Ардын Хувьсгалт Армийн хамтын тэмцлийн эхлэлийг тавьж, Монголын тусгаар тогтнол, ард түмний эрх чөлөөг гадаадын түрэмгийлэгчдээс хамгаалахад чиглэсэн түүхэн алхам болсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )