Үе тэнгийн дээрэлхэлттэй дэлхийд хэрхэн тэмцдэг вэ?

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Буллинг буюу үе тэнгийн дээрэлхэлт нь дэлхий дахинд ихээхэн дэлгэрсэн үзэгдэл. Эл үзэгдэл зөвхөн сургууль төдийгүй, цэрэг арми, ажил зэрэгт гардаг. ЮНЕСКО-ийн мэдээллээр, жил бүр буллингт 246 сая хүүхэд, өсвөр настан өртдөг байна.

Өсвөр настнуудын буллинг хамгийн хүнд үр дагавартай байдаг гэж мэргэжилтнүүд онцолжээ.

Сэтгэл зүйн хувьд энэ үзэгдэл нь хохирогчид ч тэр, буллинг хийж буй хүүхдэд ч тэр, тэр бүү хэд чимээгүйхэн хараад сууж байгаа гэрчүүдэд хүртэл сөргөөр нөлөөлдөг байна. Цөөн тохиолдолд буллинг нь амиа хорлох эсвэл хохирогчийн зүгээс харгис өшөө авалтад хүргэх нь ч бий.

Европын сургуулиуд дахь буллинг

Судалгаанаас үзвэл бага орлоготой гэр бүлээс гаралтай хүүхдүүд дээрэлхэлтэд илүү өртдөг байна. Тэдэнд шинэ загварын хувцас, үнэтэй утас байдаггүй тул энэ байдал тэднийг дээрэлхэх шалтгаан болдог. Ийм хүүхдүүд үгээр дайрах, үл тоомсорлох, цахим буллингт өртөх нь элбэг. Бага орлоготой гэр бүлээс гаралтай хүүхдүүд голдуу сурдаг сургуульд эсрэгээр боломжтой айлын хүүхдүүдийг дээрэлхэх магадлал өндөр.

Гэвч энэхүү үзэгдлийг цөөн багш нар л анзаардаг байна.

Хууль тогтоомж

Сүүлийн жилүүдэд үе тэнгийн дээрэлхэлтийн сэдэвт ихээхэн анхаарах болжээ. Үүний нэг жишээ нь 2020 оноос хойш Сургууль дахь хүчирхийлэл, дээрэлхэлт болон цахим буллингтэй тэмцэх олон улсын өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын эхний пүрэв гарагт тэмдэглэх болжээ.

Швед улсад 1979 оноос хойш хүүхдийн эсрэг тэр дундаа сэтгэл зүйн хүчирхийллийг хуулиар хоригложээ. Боловсролын тухай болон ялгаварлан гадуурхахыг хориглох тухай хуульд зааснаар сургалтын байгууллагуудын удирдлага хүүхдийн эрхийг хүндлэх, дээрэлхэх, доромжлохгүй байх баталгаа олгодог байна. Энэ хүрээнд сургуулиудад тусгай шалгах алба ажиллаж, бүх гомдол, хэргийг шалгаж, хянадаг.

АНУ-ын Жоржиа муж буллингийн эсрэг хуулиар тэмцэх шийдвэр гаргасан анхны мужуудын нэг болжээ. Тус мужид энэхүү хандлагад хяналт тавиад зогсохгүй ухаалаг хэрэгслүүдийг ашиглахыг хориглодог байна. Тус улсад буллингтэй тэмцэх хэд хэдэн хөтөлбөр хэрэгждэг.  Тухайлбал, S.S.GRIN хөтөлбөр нь буллингт өртсөн, амьдралын хүнд нөхцөл орсон болон түрэмгий зан авиртай, харилцааны асуудалтай хүүхдүүдэд зориулагдсан байдаг байна.

Японд боловсролын чанарт маш хариуцлагатай ханддаг тул хүүхдүүд ихээхэн ачаалалтай байдаг ба улмаар өрсөлдөөн их байдаг. Энэ нь буллинг, амиа хорлоход хүргэдэг байна. 2013 онд тус улс дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай хууль баталжээ. Хууль ёсоор сургууль бүр үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх бодлого боловсруулж, энэ үзэгдлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийдвэрлэх тусгай бүтэц байгуулах үүрэг хүлээжээ.

 

 

Хууль тогтоомжоос гадна зарим улс орнууд багш, эцэг эх болон сурагчдад зориулсан буллингийн эсрэг хөтөлбөр, сургалтуудыг явуулдаг байна.

Финланд улсад 2009 онд санаачилсан KiVa хөтөлбөр нь сургуулийн орчинд бусдыг ойлгох, энэрэх үзлийг төлөвшүүлэхэд чиглэдэг. Буллинг хийх үеэр гэрчүүд үйл явдлыг ажиглах бус харин зогсоох, эв зүйгээр зохицуулдаг байхыг сургадаг. Ингэхдээ дээрэлхэлтийн төлөөх хариуцлагыг бүх талууд, тэр дундаа дэргэд зогсож байсан хүүхдүүдэд ч үүрүүлдэг байна.

Үе тэнгийн дээрэлхэлттэй тэмцэхэд чиглэсэн олон улсын туршлагаас үзвэл хамгийн үр дүнтэй хөтөлбөр нь сэтгэл зүйч, багш нар нь эцэг эхтэй тогтмол уулзалт хийх, сургалт зохион байгуулах явдал гэж шинжээчид онцолжээ. Мөн сургуулийн орчинд хяналтыг чангатгах, анги удирдах хэлбэрийг өөрчлөх, түрэмгий зан авиртай хүүхдүүдтэй тусгайлан ажилласнаар нөхцөл байдлыг сайжруулахад дөхөм болдог байна.

Зарим сургуулиуд сөргөлдөөнийг зөөлөн аргаар зохицуулах, хүүхдүүдийн нөхөрлөлийг дэмжих тал дээр төрөл бүрийн сургалтууд явуулдаг байна. Сонирхолтой нь бусдыг дээрэлхдэг хүүхдүүдийг шийтгэх стратеги нь үр дүн багатай болохыг судалгаа харуулжээ. Үүний оронд тэдэнд нөхцөл байдлыг ойлгох, хохирогчдод учруулсан хор хохирлыг хэрхэн арилгах тал дээр санаачилга гаргахыг санал болгодог байна.

ЮНЕСКО-оос гаргасан зөвлөмжид багш нарт ангид хэрхэн найрсаг уур амьсгалыг бүрдүүлэхэд ямар арга хэмжээ авах, үе тэнгийн дээрэлхэлтийн шинж тэмдгийг хэрхэн  таних, хэрхэн шуурхай арга хэмжээ авах тал дээр зөвлөгөө өгдөг.

Хамгийн гол нь сургуулийн бүх ажилтан, багш, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан үе тэнгийн дээрэлхэлт гэж юу болохыг ойлгодог, илрүүлж, таслан зогсоодог байх ёстой. Буллингийн эсрэг зөвлөмжийг хэрэгжүүлэхэд багш нарын шийдэмгий байдал, удирдлагын дэмжлэг хангалттай гэж шинжээчид онцолсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top