Вьетнамын шоронд МОНГОЛ УЛСЫН 9 иргэн ял эдэлж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 21

Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөгчид Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс /БНСВУ/-ын Винь Фук муж дахь Винь Куанг хорих ангид ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдтэй уулзаж, ахуй нөхцөл байдалтай нь танилцлаа.

Тус улсад Монгол улсын 9 иргэн хорих ял эдэлж байгаагаас хулгайлах гэмт хэрэгт 8-10 жил хүртэл хорих ялаар шийтгүүлсэн 8, хууль бусаар олж авсан бусдын эд хөрөнгийг захиран зарцуулсан гэмт хэрэгт 3 жил хорих ялаар шийтгүүлсэн 1 иргэн хорих ял эдэлж байна.

Уулзалтын үеэр дээрх иргэдээс хоёр орны нийгэм ахуйн соёлын ялгаатай байдлын улмаас учирч байгаа хүндрэл,хоол хүнсний бэрхшээлийн талаар санал хүсэлт гаргасныг хорих ангийн удирдлагад болон БНСВУ-ын Ардын дээд прокурорын газрын Эрүүгийн шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих газрын холбогдох албан тушаалтнуудад уламжилж, анхаарч үзэхийг хүслээ.

Мөн хорих ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдийн үлдсэн ялыг эх оронд нь үргэлжлүүлэн эдлүүлэх асуудлыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, түүний нөхөн төлөлт, хорих ял биечлэн эдэлсэн хугацаа зэргийг харгалзан үзэж тус улсын дотоодын хууль тогтоомж болон хоёр улсын Засгийн газар хооронд 2018 онд байгуулсан “Ялтан шилжүүлэх тухай гэрээ”-ний дагуу шийдвэрлэж байх талаар 2 улсын прокурорын эрх бүхий албан тушаалтнууд ярилцсан байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулиар хулгайлах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 5-12 жил байдаг бол БНСВУ-ын Эрүүгийн хуульд заасан энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ манай улсын хуулиас өндөр 12-20 жилийн хорих ялтай байдаг байна.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvcб(176.66.87.78) 2024 оны 03 сарын 21

Дандаа кармааны хулгайчууд....

0  |  0
Зочин(66.181.182.78) 2024 оны 03 сарын 21

Авчирч хэрэггүй муусайн хулгайчдыг тэнд нь шоронд нь хатаа

0  |  0
urnaa(202.21.108.70) 2024 оны 03 сарын 21

odoo vizgui bolson ene too ulam olon bolnoo , magadgui tun udahgui tednii shorond bagtahgui bolloo gej duuldah blguieet!

0  |  0
зочин(103.57.95.12) 2024 оны 03 сарын 21

тэнэгүүд өөр улсад очиж хулгай хийж улсын нэр баастаад

0  |  0
Top