Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хорооны анхдугаар хуралдаан 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр боллоо.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор байгуулагдсан Үндэсний хороо нь яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллага болон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн авлигатай тэмцэх үйл ажиллагааны хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Үндэсний хороог Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга ахалж, орлогч даргаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга, Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга нар, бүрэлдэхүүнд нь яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Монгол Улсын Шадар сайдын болон Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны Ажлын албаны дарга нар багтдаг.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаас дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Үүнд:
1. Олон улсад нэр хүнд бүхий авлигын эсрэг ISO37001:2016 стандартын төрийн өмчит компаниудад үе шаттай нэвтрүүлж, хөрөнгө оруулалт татах нөхцөлийг бүрдүүлэх;
2. Төсвийг хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулах, нээлттэй болгох;
3. Төрийн өмчит компаниудын захирал, дарга нарт олгосон цалин, урамшуулал, тэтгэмж, дэмжлэгийг цахим хуудсандаа нээлттэй байршуулах;
4. Төрийн байгууллага, төрийн өмчит компаниуд авлигын эрсдэлээ үнэлж, авлигын эсрэг төлөвлөгөөг хэрэгжүүлэн, үнэлүүлж хэвших.
Сэтгэгдэл ( 0 )