Нисэх буудал дахь гаалийн газрын даргын хэргийг шүүхэд шилжүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 30

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 911 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгав. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 883 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 3 мөрдөгчийн мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлсэн байна. Үүнд:

-“Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын удирдах албан тушаалтан “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх,

-Боловсролын зээлийн сангийн удирдах албан тушаалтан “Л” нь хамаарал бүхий этгээддээ эдийн давуу байдлыг бий болгосон гэх,

-Хил хамгаалах ерөнхий газрын албан тушаалтан “Т”, “С” нар нь бусдад давуу байдал бий болгосон гэх,

-“Г” нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан гэх,

-Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын удирдах албан тушаалтан “А” нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх,

-“О” нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан тушаалтнаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан гэх,

-“Э” нь Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх,

-Дорнод аймгийн Гаалийн газрын удирдах албан тушаалтан “В” нь албан тушаалын хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдад давуу байдал бий болгосон гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top