Манай сумын наргиантай буурлууд

2024 оны 07 сарын 08

Зохиолч, сэтгүүлч Гомбын БААТАРНУМ

 

Намайг жаахан хүүхэд байхад манай нутагт Дамдин даргын хүү буюу “Сайжуу Наваан” гэдэг ганц бие өвгөн амьдарч байгаад 1970-аад оны сүүлч үед насан өөд болсон юм. Нутгийнхан Д.Наваан гэхээсээ ихэнхдээ “Улаан хадын савдаг” гэж дууддаг сан. Тэглээ гээд уурлаж, уцаарлана гэж лав байхгүй. Д.Наваан гуай маань хүүхдэд их сайн, хааяа нэг ирэхдээ миний аавын агентаас хэдэн хилээр нь чихэр авч хүүхэд, багачуулд атга, атгаар нь түгээнэ. “Баян” багийн төв дээр балчир насаа үдэж, ноцолдож, бас зодолдож өссөн үе тэнгийн нөхөд болох, одоо бол аль хэдийн өвгөн харцуул болсон Д.Даваа, Д.Чулуунбаатар, Ш.Чулуунхүү, М.Шараа, Г.Адьяа, У.Буд, Ч.Сугар нарын бидний хүүхэд нас, миний ах, эгч, дүү нар Г.Батбилэг, Г.Алтанцэцэг, Г.Алтангэрэл, Г.Мөнгөнцэцэг, Г.Энхцэцэг Г.Бат-Эрдэнэ, Г.Батсайхан нар ч энэ өвгөний хишгээс мөн ч их хүртсэн дээ. Тийм ч учраас хүүхдүүд Д.Наваан гуайд тунчиг сайнаар барахгүй, хэзээ ирэхийг нь сэм харуулддаг байж дээ. Харин Д.Наваан гуай маань амаа халсан үед бол шаггүй сайн пан гөрчихдөг, тэр ч чанараараа хүмүүсийг байнга инээлгэж явдаг нэгэн байжээ. Энэ буурлын ярьж, хөөрч байсан элдэв дэгс яриа одоо ч нутгийнхны дунд ам дамжин яригдсаар өнөөдрийг өртөөлөн хүрч иржээ. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Баян” багийн нутаг “Энгэрийн даравгай”,”Улаан хадын булаг” зэрэг хад, асгаар хүрээлэгдсэн үржил шимтэй өргөн хөндийгөөр жилийн дөрвөн улиралдаа идээшин нутаглаж явсан эл өвгөнийг дурсахын ялдар хөгжөөнтэй яриануудаас нь дээжлэн хүргэж байна.

 

ЖУХАЙ ЖАНЖНЫ БЭЛЭГ

 

Д. Наваан гуай 1945 онд түр цэрэгт татагдан Дорнод аймагт хүрч очсон байна. Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн сумдаас татагдсан олон зуун цэрэг “Бунхан толгой”-н ойролцоо хуарагнажээ. Тэдний байрласан хуарангаас төдий л холгүй нэлээд олон сувай үхэртэй ганц бие хөгшнийх байсан аж. Нэг өдөр Д.Наваан гуай тэр хөгшнийд очоод хол, ойрын хууч хөөрөн тухалж суутал Жухай буюу Г.К.Жуков жанжин мөнөөх хөгшнийд хүрч ирээд “За, та нар нутгийн хүмүүс байна даа. Цэргүүд мах, хүнсээр тасраад хэд хонолоо. Жаахан мах өгөх арга, чарга байна уу” гэжээ. Наваан гуай ганц бие хөгшинд Жухай жанжны ярьсныг хэлмэрчилж өгсний буянд ёстой нэг шазрах шахсан хоёр шарыг нь өгүүлэхээр ам алдуулж чаджээ. Г.К.Жуков жанжин сайн хэлмэрчилж өгсөнд нь талархлаа илэрхийлж “Манайхаар бол үр тариа, танайхаар бол даллагны чинь уут болог” гэж ерөөгөөд өндөр хүзүүтэй цагаан борогч гүүг Д.Наваан гуайд бэлэглэсэн юм байх. Үнэхээр тэр жилийн намар Д.Наваан гуай чухам хаанаас олж ирснийг нь хэн ч үл мэдэх, ямар ч атугай тоомсогны төрөл болох өндөр борогч гүү авчирсан нь үнэн юм гэнэ лээ.

 

ЭЛГЭН ХАДНЫ УРУУ...

 

Д.Наваан гуайд дээр үед хүзүү хээр, ембүү хээр хэмээн алдаршсан хоёр сайхан хээр морь байжээ. Нэгэн зун “Баян” багийн малчдын хурал болж, хурал эхлэхийн өмнө мань Д.Наваан гуай баахан малчдыг тойруулчихсан ёстой л ам нь халж гарчдээ. Тэгээд “Би хүзүү хээрээ унаад, ембүү хээрээ хөтлөөд Улаан хадын элгэн рүү бууж байсан юм даа” гэж ярьснаас хойш “Улаан хадын савдаг Наваан” нэрийг авсан юм билээ.

 

САЙН МОРИО ГЭЖ

 

Д.Наваан гуай нэгэн өдөр хадлангийн бригад дээр хүрч очжээ. Тэр өдөр бороотой байсан болохоор залуучууд хийх ажилгүй, дэмий л гиеүрэн байж. Мэдээж, Д.Наваан гуайг ирсэнд баярласан залуус тойрч суугаад л буу халуулж гарч дээ. Тэрбээр “Сайн морь гэдэг чинь ёстой эр хүний хань байдаг юм даа. Д.Наваан гуай нь түр цэрэгт байхдаа унаж очсон будан үрээнийхээ дөрөөнд чирэгдээд Тамсагбулагаас гартал та нар яасан гэж санана. Нэг мэдсэн чинь аль хэдийн нутагтаа ирчихсэн, Энгэрийн даравгайнхаа хойт энгэрт хэвтэж байсан юм даа” гэжээ.

 

ХӨЛ НҮЦГЭН ЧИРЭГДЖЭЭ

 

Д.Наваан гуай хэдэн адууныхаа араас мордож ололгүй явсаар Ар жирэм, Шар жирэмийг дамжин Замын жирэмийн худаг дээр хүрч ирвэл адуу нь тоо бүрнээр ялаархан зогсож байж. Унасан морь нь нэлээд сульдсан учир хээр үрээгээ уураглажээ. Хээр үрээ нь омголоных ч хэлэх үү, Д.Наваан гуай хөл нүцгэн чирэгдэж явсаар Баян тээгийн ар шил дээр аваачиж байж арайхийн тогтоож байлаа даа гэж ярьжээ.

 

НОХОЙ ХАР

 

Зургаан сарын хорьдоор юм байх. Д.Наваан гуай тарган хээр морио унаад давхиж явтал Тэмээтийн уулын энгэрийн Талын бууцанд тайж Тавхайнхнааар ахлуулсан таван гэр айл байна гэнэ. Мориныхоо амгайг ч таталгүй шуугиулан очиж, хониных нь хороонд ороод морио тушиж байтал Тавхай тайжийн авгай тарган шар хүүхэн гарч ирээд “Дамдин даргын нохой хар ирлээ” гэж хэлэх нь сонсогдоод гэр рүүгээ оржээ.Тайжийнд яваад ортол тогоо нэрж байхтай нь таарсандаа дотроо бол баяртай л байв. Тайжийн авгай нүдээ талимааруулан “Чи ч мөн хийморьтой яваа дамшиг юм даа” гээд гангар цагаан шаазанг мэлтэлзүүлсэн халуун нэрмэл хийж өгснийг нь ганцхан амьсгаагаар хөнтөрч хаячихаад мордож байлаа даа” гэжээ.

 

ЧАНУУ, МИНУУ

 

Нэгэн хаврын цагаан сарын шинийн нэгний өглөө Д.Наваан гуай аав, ээжтэйгээ золгохоор эртлэн морджээ. Тарган хээр мориндоо ташуур өгөн, салхи татуулан довтолгож явтал Бөгтөрийн голын их дэрсний наахна хоёр хулгана цагаан хялгана зуучихсан “Чануу, минуу” гэсэн авиа гаргаад хоёр хөлөө зөрүүлчихсэн зогсож байх юм гэнэ. Түүнийгээ “Үгүй та минь ээ, ан, амьтан хүртэл золгодог юм байдаг шүү” гээд хэнэг ч үгүй галзуу улаанаа ганц нэг шивсэн суусан гэдэг. САЙХАН Ч ЭР Д.Наваан гуай өглөө эрт Аньдаа да ламын үүдээр давхиад гарч дээ. Энэ өдөр дэлийг нь шанхлан зассан будан саарал үрээндээ тавин лангийн эмээл тохож, далан лангийн ташуур барьж, гучин хоёр угалзтай монгол гутал жийж, луун хээтэй хоргой өмдөн дээр ногоон торгон цамц өмсөөд, улаан залаатай дээд зэргийн шовгор малгай толгой дээрээ тавьж явж дээ. Энэ бүхэнд нүдээ унагасан саальчин хүүхнүүд “Сайн ч хүн байна, сайхан ч эр байна гэж саравчлан харсаар байгаад саалийнхаа нэг ивлэгийг хөхүүлчихсэн юм даа” гэж ярьжээ. Нутгийн залуу “Бүдүүн” хэмээх Ц.Гончиг ах цаашлуулж “Та үнээгий нь ивэлгэж байсан юм уу?” гэхэд “Муу хар дамшиг чамайг даа” гээд л гутлынхаа түрийнээс гаансаа сугалж аваад далайж байжээ.

 

ТУУЛАЙ БАРИХ АРГА

 

 Манай нутагт нэлээд дэгс яриатай, юмыг барин тавин ярьдаг “Болоо Цэнд” гэдэг хүн амьдарч байсан юм. “Баян” багийнхан нэгэн зуншлагатай зун “Зүүн төгрөг”-ийн хүрд хадланд гарчихаад байхад нь мань Цэнд гуай чөдөртэй морио хайсаар тэдэн дээр иржээ. Г.Гантөмөр, Н.Буян, Н.Бэгз, Г.Намжилдорж, Чинбат, Чадраабал, Чүлтэмсүрэн нарын нутгийн залуучууд мөнөөх өвгөнийг хэзээний мэдэх учраас “Цэнд гуай сонин юм яриарай” гээд л бүччихэж. Өвгөн цай ууж, тамхиа нэрэн хэсэг сууснаа “Хүүхдүүд минь, тарчиг хаврын өлдсөн муусайн туулайнуудыг барихад мөн ч амархан даа. Зээрийн хатсан арьсанд 5 см-ийн хадаас цоо хатгаад дээр нь жаахан хужир, шүү хаячихдаг юм. Өлссөн муусайн туулайнууд түүнийг долоох гэж оцогнож явахдаа хөлнийхөө тавхайг сүлбэчихдэг байхгүй юу. Яг тэр үед нь бариад авахад мөн ч төвөггүйсэн” гэж ярьжээ.

 

САРЬСАН БАГВААХАЙГ ЧОНЫН БЭЛТРЭГТЭЙ АНДУУРСАН НЬ

 

1968 оны зун билээ. Багын найз Г.Адьяа бид, нутгийн буурал Лувсанчүлтэм гуайнхыг тэдний хүргэн Г.Сумьяа, дүү Г.Гантөмөр нарын хамт Зүүн зээрдээс нүүлгэлцэн, Дунд зээрдийн ард буулгасан юм. Тэр өдрийн аагим халууныг хэлэх үү, ачаа, хөсөг аль хэдийн түрүүлээд явчихалгүй яахав. Г.Адьяа бид хоёрт хонь туух ажил оногдож, хэдийгээр нар гарахаас өмнө эртлэн гарсан ч аагим халуунд тээрсэн хонийг тууна гэдэг үнэндээ ярвигтай байж дээ. Басчиг тавтын бидонд хүйтэн хар цай ганзагласны хүчинд арай л хатчихалгүй, хоёул энэ тэрийг хөөрөлдөн, хүүхэд л болсон хойно оготно, зурам чавхдан явсаар бага үдийн алдад чулуугаар барьсан хашаатай хаваржаанд хүрч ирэв. Буйр сэлгэсэн айл маань аль хэдийн гэрээ барьчихсан, саахалтын зайтай газар харагдах. Гэтэл чулуун хашааны завсар ямар нэгэн амьтны дуу гарахаар нь хоёул очиж сонирхвол яах аргагүй л ам нь ангалзсан амьтад харагдав. Түүнийг “Чонын бэлтрэг байна” гэж хоёул айн сандарч, тэр чигтээ мориндоо мордон давхисаар ирж болсон явдлыг гэрт байсан хүмүүст дуулгав. Г.Гантөмөр ахаар ахлуулсан хэсэг хүмүүс буу, шийдэм болон давхисаар хүрч очвол, юуны нь чонын бэлтрэг байхав дээ. Сэрүүн газар биеэ нуун амь зогоосон сарьсан багваахайнууд байж билээ.

 

ӨӨДӨӨ ШИДСЭН ЧУЛУУ ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР...

 

Багын анд Г.Адьяа бид хоёр тавдугаар ангид суралцаж байсан 1971 оны наадмын дараахан юм даа. “Баян” бригадаас баруун хойш Замын төгрөг гэдэг газар хонь угаалгын газар байдаг байлаа. Жил бүр болдог хонь угаалгын нүсэр ажилд хүүхдүүд бид байнга дайчлагддаг сан. Бороо ихтэй зун Зүүн төгрөг, Дунд төгрөг, Замын төгрөгийн нуур ёстой л саваа халин бялхаж, хүн, малгүй зоо тэнэгэр байдаг сан. Их бороо орж, мөнөөх нуурууд бидэртэн цэнхэртсэн нэгэн өдөр Г.Адьяа бид хоёр Зүүн төгрөгөөс мордон, хэдэн адуу хайсаар Замын төгрөгт хүрч ирлээ. Урьд өдрийн усархуу борооноор хонь угаадаг банн тэр чигтээ усаар дүүрчихсэн, хажуугийнх нь овоолоостой шороон дээр хэдхэн хоногийн дараа болох угаалганд хэрэглэх поошигтой керлинүүдийг буулгаад тавьчихаж. Хоёул мориноосоо буугаад, поошигтой нэг керлинийг түлхэн байж, их устай банн руу өнхөрүүлчихлээ. Гэтэл дүүрэн керлинтэй поошиг өнөөх банн руу өнхрөн ормогц их ус цүл, палхийн ойсноос хоёр морио зулруулан алдаж, хэрэндээ л хөөрхөөн ажил удав. Нөгөөдөр нь бригадын дарга Ж.Доржготов гуайн дуудуулснаар хэргийн эзэн Г.Адьяа болоод мөн хэргийн эзэн миний бие, Г.Магван, Ч.Пүрэвсүрэн нарын хэдэн хүүхдүүд цугларч, мөнөөх поошигтой керлинээ ус дүүрсэн баннаас гаргах гэж махаа идэж билээ. Ж.Доржготов гуай маань үе, үе уцаарлан “Ямар барам нь ингэдэг байна аа л” гэх. Хэргийн эзэн Г.Адьяа бид хоёр “Мэдчихвий дээ” хэмээн айн бэмбэгнэж, бушуухан гаргахын төлөө хөлсөө дуслуулан зүтгэж байж, арайхийн гаргаж байж билээ. “Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” гэдэг үг үнэн шүү.

 

БЯРУУ ЭМЭЭЛЛЭСЭН НЬ

 

Хилийн цэргийн бэлтгэл ахмад, миний аав С.Гомбо “Баян” бригадын агентаар 1962-1969 оныг хүртэл нэр төртэй ажилласныг өдгөө мэдэх хүн цөөрч дээ. Хаврын хаварт ахрын ноос, ноолуур, худал ярьсан хүнд бол бараг л вагон, вагоноор цугларч, том шуудайнд хийгээд овоолсон нь уул, овоо шиг л байдаг сан. Бригаддаа арай ахмад нь миний бие учраас М.Шараа, Ч.Сугар, У.Буд, Ц.Цолмон, “Духнай” буюу Ц.Буд нарын тэрсхэн хэдэн баньд нар намайг хаашаа явна, тийшээ байнга дагаастай. Уул, овоо шиг овоолсон мөнөөх ноос, ноолууран дээр өдөржингөө үсэрч харайн тоглож, заримыг нь оёдлоор нь задлан цувуулж, хэрэг тарьсан амьтад шалз, хувалзанд баригдан гэртээ ирж, аав, ээжээсээ банга хүртсэн нь ч цөөнгүй. Тэр л цагийн зуны нэгэн орой Ч.Сугар бид хоёр морио чөдөрлөж тавьчихаад, эмээлээ бариад явж байтал Ч.Сугарын аав С.Чулуунбаатар гуайн үхэр ирж байхтай таарлаа. Тэдний үхэрт байдаг номховтор бярууг барьж аван хазаарлаж, бас эмээллэн мордож, ардаа Ч.Сугарыгаа сундлан явж байтал, гэнэт эмээл холбирон хоёул унаж, мөнөөх бяруу гэдсэндээ эмээлээ чирэн давхиж, уяатай байсан морьдыг үргээн, заримыг нь уяагий нь тасдуулан хулжуулж бөөн хэрэг мандуулдгийм байна. Энэ ч дүүрсэн хэрэг. Хамгийн аймаар нь Ч.Сугарын гар шуугаараа хугарч, тэр намар сургуулийн алтан босго алхах байсан тэрбээр зунжингаа чиг боолттой явж билээ. Ийнхүү хөгөө тарьж явсан Ч.Сугар дүү маань хожмоо, хуучнаар ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн сургуульд суралцаж Хуягт танкийн мэргэжил эзэмшиж, одоо Зэвсэгт хүчний 120 дугаар ангид хошууч цолтой, албаны даргаар ажиллаж байгаа билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(103.212.117.120) 2024 оны 07 сарын 10

Маш болхи, тэнэгдүү гэмээр юм бичиж байх шаардлага байдаг юм бх даа.

0  |  0
Эрдэнэ(202.179.15.130) 2024 оны 07 сарын 09

зохиолч оо уураглана эж яахыг хэлнэм бэ утгаараа бол уургална гэх гээд байх шиг

0  |  0
Top