Энэтхэгийн парламент газрын тосны импортын эх үүсвэрийг төрөлжүүлэхийг уриалав

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Энэтхэгийн парламентын доод танхим засгийн газартаа хандан газрын тосны импортын эх үүсвэрийг эрчимтэй төрөлжүүлэхийг урилсан тухай Press Trust of India агентлаг мэдээлжээ. Энэхүү санаачилга нь геополитикийн эрсдэл нэмэгдэж, дэлхий дээр мөргөлдөөн их байгаатай холбоотой.

Энэтхэг улс нь түүхий газрын тосны хэрэгцээнийхээ 89 хувийг импортоор хангадаг тул газрын тосны импортын тал дээр тодорхойгүй байдалтай нүүр тулах эрсдэл өндөр байна. Улмаар эрчим хүчний эх үүсвэрийн нийлүүлэлт, түүхий эдийн өртөгт сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэж байна. Энэ хүрээнд газрын тосны стратегийн нөөцийг нэмэгдүүлэх, импортын шинэ маршрутыг боловсруулах, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэх зэрэг арга хэмжээ авахыг уриалжээ.

Газрын тосны импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх хүрээнд Энэтхэг улс өнгөрсөн арваннэгдүгээр сард Гайана улсаас хоёр сая баррель газрын тос импортолжээ. Нийлүүлэлтийн маршрутын нийт урт 17.7 мянган км байжээ. Газрын тос байгалийн хийн яамны тэргүүн Хардип Сингхийн мэдэгдсэнээр, Шинэ Дэли үүссэн нөхцөл байдлын улмаас газрын тосны хомстол үүснэ гэдгээс айхгүй байгаа хэдий ч импортлогч компаниудын хувьд илүү урт маршрут сонгосноор тээвэрлэлт, даатгалын төлбөр зэрэг зардал нэмэгдэх зэрэг хүндрэлүүд гарна хэмээн сануулсан байна. Энэтхэг улс нь газрын тосны хэрэглээгээр дэлхийд гуравт ордог бөгөөд Энэтхэгийн газрын тос боловсруулах үйлдвэрүүд 30 гаруй орноос түүхий эдээ авдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top