ЕХ, Энэтхэг стратегийн худалдааны хэлэлцээр байгуулахаар боллоо

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Европын Холбоо, Энэтхэг улс түүхэн худалдааны хэлэлцээр байгуулахаар болсон  тухай зарлалаа. Яриа хэлэлцээ 20 жил үргэлжилсэн юм.

“Бид “бүх хэлэлцээрийн эх” гэж болох хэлэлцээр байгуулахаар боллоо” гэж Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой Шинэ Дели хотод хийсэн уулзалтынхаа дараа нийгмийн сүлжээндээ бичжээ. Нарендра Моди энэхүү хэлэлцээрийг түүхэн хэмээн тодорхойлсон байна.

Ингэснээр дэлхийн ДНБ-ийн 25 хувь, хоёр тэрбум шахуу хүн амтай хоёр тал чөлөөт худалдаа хийх боломжоо нээж байна.

Баримт бичигт үе шаттайгаар химийн бодис, автомашин, цахилгаан тоног төхөөрөмж, нисэх онгоц зэрэг бараа бүтээгдэхүүний гаалийн тарифыг бууруулж, улмаар тэглэхээр тохиролцжээ. Автомашинд 110 хувийн татвар ногдуулдаг бөгөөд нийт 250 мянган автомашины квотод 10 хүртэлх татвар ногдуулах болсон нь чухал алхам гэж үзэж байна.

Тус хэлэлцээр Энэтхэгийн зах зээлд нийлүүлж буй Европын бараа бүтээгдэхүүний өртгийг бууруулахад чиглэжээ. Гэхдээ сүү, сүүн бүтээгдэхүүн, чихрийн аж үйлдвэрийн салбар эл хэлэлцээрт ороогүй байна.

Нарендра Модигийн мэдэгдсэнээр, хэлэлцээрээр Энэтхэгийн фермер, жижиг үйлдвэрүүдэд Европын зах зээлд гарах, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг хөгжүүлэх боломж нээгдэж байна. Мөн талууд хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцсон байна.

Энэтхэгийн сүлжмэл болон арьсан эдлэл, далайн бүтээгдэхүүн, үнэт чулуу, үнэт эдлэл зэрэг экспортын бүх төрлийн бараа бүтээгдэхүүнүүдийг Европын зах зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэхээр болжээ. Ингэхдээ Энэтхэгийн засгийн газар эмзэг салбарт тооцогддог сүүн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн салбарыг хамгаалж үлджээ.

АНУ Энэтхэг болон ЕХ-нд тарифын дарамт үзүүлж байгаа энэ үед талууд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсныг шинжээчид тодруулжээ.

Баримт бичигт энэ оны сүүлээр албан ёсоор гарын үсэг зурна гэсэн хүлээлт байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top