Санхүүгийн зохицуулах хороо Туркийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллана

2024 оны 07 сарын 09

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Туркийн Хөрөнгийн бирж /Borsa Istanbul/-ийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Г.Гюзханыг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны талаар болон Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээнүүдийн талаар танилцуулсны зэрэгцээ хоёр орны хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдлын талаар санал солилцсон юм. Мөн хоёр орны санхүүгийн салбар тэр дундаа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хүрээнд цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцлаа. Тодруулбал, хоёр улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг бодлогоор дэмжихийн зэрэгцээ бүтээгдэхүүн, үйлчилгээний инновацыг хөгжүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татахад харилцан туслалцах, хил дамнасан санхүүгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох чиглэлд хамтарч ажиллахаар тогтлоо.

Турк нь Европ, Ази хоёр тивийг дамнан тогтсон олон улсын зам харилцааны гол орон бөгөөд хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг Европ тивтэй холбох, олон улсад таниулан сурталчлах, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчид болон олон улсын зах зээлээс нэмэлт эх үүсвэр татах, хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top