Ардчиллын удирдагч С.Зориг амиа алдсан хар өдрөөс хойш алуурчин, захиалагч олдолгүй 26 дахь намартай золгох гэж байна. Энэ хэргийг илрүүлж захиалагчдыг олохын тулд эргээд 1998 оны Засгийн газрын бүрэлдэхүүн, улс төрийн нөхцөл байдал руу анхаарал хандуулах учиртай гэлцдэг. Сүүлийн жил тойрон юу болсон, одоо нөхцөл байдал ямар байгаа, ямар хүлээлт үүссэн зэргийг уншигчид мэдэх хойно хэрэг хэрхэн эхэлсэн, ямар үйл явлууд өрнөж байсныг “Улс төрийн ой санамж” булангаар нэхэн сануулъя.
ХЭРЭГ ИНГЭЖ ЭХЭЛЖЭЭ
Түүх сөхье. 1997 оны хавар тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан “Эрдэнэт” үйлдвэрт аудитын шалгалт оруулж үйлдвэрийн дарга Ш.Отгонбилэгийг улсын хөрөнгөөр өөрийн мэт дургиж байгааг илрүүлэн Монгол Улс, Засгийн газар хохирлоо нэхэмжлэн шүүхэд өгчээ. Ингээд 1998 оны наймдугаар сарын 20-ны үед ТӨХ-ноос Батлан хамгаалах яамны нисдэг тэрэг бүхий зэвсэглэсэн цэргийн хүчийг дайчлан “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Ш.Отгонбилэгийг албан тушаалаас нь огцруулж, оронд нь Батлан хамгаалах яамны сайд байсан Д.Дорлигжавыг томилсон байна. Энэ үйл явдлын дараа Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Багабанди ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельцинд хандан “Эрдэнэт” үйлдвэрийн даргыг сольсон асуудлаар захиа бичиж, хуучин даргыг нь хэвээр үргэлжлүүлэн ажиллуулах тал дээр дэмжлэг хүсч байсан удаатай. Удалгүй тухайн үеийн МоАХ дотроо тэмцэлдэж М.Энхсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Ц.Элбэгдорж томилогдсон ч төрийн өмчийн “Сэргээн босголтын банк”-ийг хувийн хэвшлийн “Голомт” банктай нийлүүлэх ажиллагаа явагдав.
Үүнд Засгийн газрыг буруутган Ц.Элбэгдорж 1998 оны тавдугаар сарын үед огцров. Зарим нь төрийн нууц задруулсан хэргээ нуух гэж сайн дураараа ажлаа өгсөн гэж ярьдаг. Ц.Элбэгдоржийн огцорсон явдал бол хөндлөнгийн түүх. Харин оронд нь хэн Ерөнхий сайд болсон бэ гэдэгт анхаарал хандуулья. Сануулахад, ардчилсан хүчин өөрийн гэсэн шилдэг лидергүй, боловсон хүчин хомс байсан үе. Да.Ганболдыг Ерөнхий сайдад долоон удаа нэрийг нь дэвшүүлсэн ч МоАХ-ны баримтлал “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаас болж Ерөнхийлөгч Н.Багабанди хориг тавин буцааж байв. Ингэхдээ Ерөнхий сайдад нэр дэвшигч бүртэй тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Баяр уулзан “Эрдэнэт” үйлдвэрийн байр суурийг асууж, тулгалт явуулдаг байсан гэлцдэг. (Да.Ганболд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо, мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж 25 дугаар суваг телевизэд өгсөн ярилцлагадаа ч энэ тухай тодорхой ярьсан) Энэ уулзалтанд С.Зориг ч мөн хамрагдаж үйлдвэрийн 49 хувийг хувьчлахыг эсэргүүцэж байжээ. Шуудхан хэлэхэд, “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ш.Отгонбилэг, Н.Багабанди, С.Баяр нартай хамсран ОХУ-ын мэдэлд байх 49 хувийг тус улсын мафид хувьчилж өгснөөр Монголын мэдэлд байх 51 хувь тоотой хэдэн нэр бүхий хүмүүсийн мэдэлд орох тооцоо байсан гэлцдэг. Харамсалтай нь, эсэргүүцлийг эрс шийдэмгийгээр гаргаж байсан С.Зоригийн нэр Ерөнхий сайдад гарцаагүй яригдах тэр мөчид, 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр тэрээр бусдын гарт амиа алдсан байдаг. С.Зориг алагдсаны дараа Ерөнхий сайдад нэр дэвшин дэмжигдэж албан тушаалд суусан хүн нь Ж.Наранцацралт. Үндсэндээ бол Н.Багабанди, С.Баяр нарын тавьсан бүх болзол нөхцөлийг мэдэх төдийгүй, зөвшөөрөн хүлээж авсан хүн. Ажлаа авсан даруйдаа Ж.Наранцацралт Ш.Отгонбилэгийг ажлаас нь чөлөөлсөн ТӨХ-ны дарга З.Энхболд, Д.Одхүү зэрэг хүмүүсийг огцруулж байв. Харин Ерөнхийлөгч Н.Багабанди “Эрдэнэт” үйлдвэрийн хэрэг, Ш.Отгонбилэгийн хэргийг өмгөөлж байсан, олонд төдийлөн нэрд гараагүй өмгөөлөгч М.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхий прокурор, өмгөөлөгч Ч.Ганбатыг Монгол Улсын Ерөнхий шүүгчээр томилсон байдаг. Ш.Отгонбилэгт хамаарах шүүх хурал тэгсхийгээд өнгөрч, шийдвэр ч тэдний талд гарсан. Мөн Ерөнхий сайд Ж.Наранцацралт ОХУ-руу Эрдэнэтийн 49 хувийг хувьчлах асуудлыг зөвшөөрсөн алдартай захиагаа бичсэн байдаг. Тэр захианы агуулга нь “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын төрийн өмчид оногдох хэсгийг хувьчилж авахыг тань зөвшөөрлөө. Бид ч бас ижил нөхцөлөөр хувьчлал хийсэн тохиолдолд танай Засгийн газар бас зөвшөөрөх ёстой шүү гэсэн утгатай байсан гэдэг. Хожим нь Н.Энхбаяр Ерөнхий сайд болохдоо уг захиаг хүчин төгөлдөр бус хэмээн ОХУ-д мэдэгдсэн нь нам доторх зарим хүн, хэсэг бүлгийн ашиг сонирхолд нийцээгүй гэгддэг. Энэ бол өөр түүх.
ҮХСЭН ХҮН ҮГ ХЭЛЭХГҮЙ
Өнөөдөр цаг хугацаа бүхнийг тайлагнаж байна. Азгүй азгүй гэхэд С.Зоригийн аллагын хэрэгт холбогдсон болгон гэнэтийн ослоор үхэх тохиолдол гэж байх уу. Энэ бүгдэд хэн хариулт өгөх вэ. Улс төрд орж байгаа бол “Эрдэнэт”-ийн хэрэг, С.Зоригийн аллагын хэрэг хоёроор хэзээ ч бүү оролд” гэх үг оргүй ч үг биш дэг ээ. 18 жилийн дараа эргээд нэг харья. Тухайн үед “Эрдэнэтийн хэрэг”, С.Зоригийн аллага хоёрт холбогдсон хүмүүсээс хэд нь амьд байна вэ?
1. Хэргийн газар анх очиж эхнэр Б.Булганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч усанд унаж нас барсан.
2. Хоёр алуурчныг байшингаас гараад гүйж байхыг хараад нэгийг нь таньсан төдийгүй “Болдоо” хэмээн нэрээр нь дуудсан нэгэн буюу “маш чухал гэрч” одоо хэр нь учир битүүлгээр сураг алдарсан хэвээр байгаа. Түүнийг дуудахад нэг алуурчин нь эргэж харчихаад цааш гүйсэн гэдэг.
3. Уг мэдүүлгийн мөрөөр өнөөх Болд гэдэг хүнийг эрэн сурвалжилсаар олоход цаг-даа¬гийн ахмад цолтой нэгэн байсан агаад Дарханд хэдийнэ хөлдөж үхсэн байсан гэдэг. Цогцост задлан хийхэд хөлдөж биш гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон.
4. Хоёр алуурчныг С.Зоригийн гэрээс гараад шатаар санд мэнд уруудан гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг нь тамлагдаж нас барсан. Гэрийнхэн нь энэ талаар ямар ч мэдээлэл өгөхгүй хэмээж байлаа.
5. Дарханы цагдаагийн ахмад бусдад хэрцгийгээр алагдсан. Түүний бөгс рүү тосон бал чихэх зэргээр тамлаж алсан байдаг. Хожим нь тэрээр С.Зоригийн аллагын хэрэг дээр ажиллаж байсан нь тодорхой болсон юм.
6. Хоёр алуурчныг харсан таксины жолооч мөн сураг алдарсан. Түүнийг алуурчдыг тээвэрлэсэн байж магадгүй гэж таамагладаг.
7. Хэргийг хянаж байсан прокурор учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан.
8. “Эрдэнэт” үйл䬬вэрийн дарга Ш.Отгонбилэгийн сууж явсан нисдэг тэрэг дэлбэрч ганц тэр ч биш олон хүн амиа алдсан. Гадны нөлөөтэй гэж үздэг ч чухалд авч үзэлгүй хэрэг намжсан.
9. Ж.Наранцацралт орон нутагт ажиллаж байхдаа сууж явсан машин нь дэлбэрсний улмаас нас барсан. Уг хэрэгт гадны нөлөө орсон гэж үздэг төдийгүй түүнтэй уулзаад зам салсан машин яг ижил цагт ижил шалтгаанаар дэлбэрсэн.
10. Тухайн үед хэргийн мөрөөр орж таамаг, баримт дэлгэж байсан “Нөгөөдөр” сонины сэтгүүлч Даваажав одоо лам болсон.
11. Хэрэг гарахын өмнө хилээр орж ирээд аллага гарсны дараа буцаж гарсан өвөрмонгол залуу гэртээ яг С.Зориг шиг алуулсан байсан. Түүнийг уг хэрэгт хамааралтай гэж үздэг.
12. 2004 онд иргэн Д.Энхбатыг Францаас хэрэгт холбогдуулан авчирсан. Тэрээр мөрдөн шалгагдах үедээ нас барсан.
13. Шүүх хурлын явцад Ш.Отгонбилэгийн малчид гэх Содномдаржаа нарын шүүгдэгчид гал тавьж С.Зоригийн аллагыг нуух зорилгоор дөрвөн хүний амь насыг хөнөөсөн хэрэг сөхөгдөн гарсан.
Энэ бүхэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан мэдээлэл. Эдгээрийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэргийг дагалдан гарсан гэмт хэргүүд гэж үзэж байгаа юм байна. (Мөн хэвлэлүүдэд бичигдээгүй өөр ч бас хүн амины хэрэг байдаг гэх мэдээлэл бий).
ДААЛГАВАР БИЕЛҮҮЛЭГЧИД ЧИМЭЭГҮЙХЭН БАЙСААР
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлнэ хэмээн олон улстөрч амлаж үе үеийн сонгуульд оролцож, Засгийн газар байгуулагдаж байсан ч хэрэгт холбогдсон бүхэн амиа алдаж байж. Хэрэг гарснаас хойш засгийн эрхийг улс төрийн томоохон хоёр хүчин ээлжлэн барьсан бөгөөд хэргийн илрүүлэлтэнд оролцсон бүхэн ямар нэгэн шалтгаанаар солигдон ирэх дарга нарын тоогоор ажил албанаасаа салж, хавтаст хэргээс материалууд алдагдаж байсан гэдэг. Магадгүй хэвлэл мэдээллээр гарсанчлан хэргийг баллах зорилгоор улстөрчдийн даалгаврыг өвөртлөн эрхэм дарга нар цагдаа шүүх, прокурорын бай¬гууллагуудад томи¬логд¬дог байсан гэдгийг үгүйсгэх аргагүй. Тэгэ¬хээр энэ хугацаанд хэрэг илрүүлэхээр толгойлон ажиллагсдыг тоочъё.
1. 1999 оноос 2010 оны тавдугаар сар хүртэл Монгол Улсын Ерөнхий прокуророор М.Алтанхуяг ажиллаж байжээ. М.Алтанхуяг 1997 оны үед Ш.Отгонбилэгийн өмгөөлөгчөөр ажиллаж байв. Түүнийг Н.Багабанди Ерөнхийлөгч нэр дэвшүүлэн 1999 онд ерөнхий прокуроор болгожээ.
2. Ч.Ганбат 1999-2005 онд Монгол Улсын Ерөнхий шүүгчээр ажиллаж байв. Тэрээр мөн л 1997 оны үед Ш.Отгонбилэгийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан гэдэг. Н.Багабанди нэр дэвшүүлэн Ерөнхий шүүгчийн албанд томилуулжээ.
3. Д.Мөрөн 1998-1999 онд ЦЕГ-ын даргаар ажиллаж байв. Д.Мөрөнг ЦЕГ-ын дарга болгох санаа сэдлийг МоАХ эвслийн лидер болох Э.Бат-Үүл тухайн үедээ гаргаж, Ч.Амарболдыг ажлаас нь чөлөөлөн түүнийг оронд нь тавьж байжээ. Мөрөнгийн үед ЦЕГ-ын дотоод зохион байгуулалт алдагдаж, хөл толгойгоо мэдэхгүй болсон гэлцдэг. Мөн Эрүүл мэндийн сайд асан Ш.Батбаяр (Шаабар)-ын нотолж байгаагаар Эрүүл мэндийн яамнаас томилсон шүүх эмнэлгийн комисс С.Зоригийн цогцост үзлэг хийх гэж очиход Д.Мөрөн аль хэдийнэ түрүүлж очоод задлан хийлгээд, хэргийн газрыг үзчихээд явсан байсан гэдэг.
4. Ч.Амарболд 1996-1998, 1999-2001, 2008 онуудад ЦЕГ-ын даргаар ажиллаж байв. Түүнийг Н.Багабандийн зөвлөх Б.Пүрэв генералын санаачилгаар МоАХ эвслийн Засгийн газрын үед 1999 онд буцаан ЦЕГ-ын дарга болгож байжээ.
5. Д.Сандаг-Очир 2001-2006 онд ЦЕГ-ын даргаар ажилласан. Энэ хүнийг Ц.Нямдоржийн хүн гэлцдэг.
6. 2007 онд Ерөнхий сайдаар С.Баяр томилогдож ТЕГ-ын даргаар Р.Болдыг тавьж байв. Тэр үед Ч.Амарболд ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэж байхад 2008 оны долдугаар сарын 01-ний харамсалтай хэрэг гарчээ. Эцэст нь өгүүлэхэд, аллагын цорын ганц гэрч Б.Булганыг жил тойрон хорьсон, Э.Бат-Үүлийг сэжигтнээр бус яллагдагчаар татсан ч хэрэгсэхгүй болгосон зэрэг ойлгомжгүй үлдсэн зүйлүүд бий. Аливаа хэрэгт удирдах тархи, шинийг сэдэх санаачлагч, дамжуулагч, гүйцэтгэгч байдаг хойно улстөрчийн үхлийн захиалагч хэчнээн нуугдсан ч цаг хугацааны эргэлт, болж өнгөрсөн түүхийн баримтууд түүнийг илчилнэ гэсэн хүлээлт байсаар...
Сэтгэгдэл ( 0 )